
Вашингтон Гринландын иргэн бүрд 100 мянга хүртэлх ам.долларын урамшуулал олгохоор төлөвлөжээ
АНУ-ын засаг захиргаа Гринландын оршин суугчдыг АНУ-д нэгдэхийг ятгахын тулд иргэн бүрд нь нэг удаадаа 10-100 мянган ам.доллар төлөхөөр төлөвлөж байгаа тухай эх сурвалжууд Reuters агентлагт мэдээлжээ. Өмнө нь The New York Times сонин Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Гринландын оршин суугчдад мөнгөн урамшуулал олгох тухай, тэр дундаа иргэн бүрд нь жилд 10 мянган ам.долларын урамшуулал олгох хувилбарыг судалж буй талаар бичиж байсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Гринланд арлын байршил нь Хойд Атлантын бүс нутагт стратегийн чухал ач холбогдолтой болохыг онцолж, тус арлыг хяналтдаа авах нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал нөлөөтэй тухай удаа дараа мэдэгдэж байсан юм. Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдээр АНУ-ын Венесуэлд явуулсан цэргийн тусгай ажиллагааны дараа дахин уг сэдвийг хөндсөн нь олон улсын анхаарлыг татаад байгаа билээ.
Цагаан ордны зүгээс 57 мянга орчим хүн амтай, газрын ховор металлаар баялаг Гринланд арлыг хяналтдаа авах хэд хэдэн хувилбаруудыг авч үзэж байна. Үүнд арлыг хүчээр эзлэх, худалдаж авах зэрэг хувилбарууд багтаж байгаа аж.






