
АНУ-ын зэвсэгт хүчин Венесуэль улс руу цэргийн ажиллагаа явуулсан үйл явдал зөвхөн энэ хоёр улсын хоорондын асуудал биш олон улс, дэлхий дахины гадаад харилцаа, бодлогод тодорхой өөрчлөлтийг авчрахаар нөхцөл ажиглагдаж байна. Өнгөрсөн шөнө л гэхэд Америкийн цэргүүд ОХУ-ын далбаатай далайдгазрын тос тээвэрлэж явсан 2 хөлөг онгоцыг түр саатуулаад байгаа нь үүнийг баталж байгаа юм. Тэгвэл энэ улсуудын хоорондын асуудал Монгол Улс, Монгол Улсын гадаад бодлого, олон улсын харилцаанд ямар өөрчлөлтийг авчрах вэ?
Ж.Өнөмөнх Чөлөөт сэтгүүлч, судлаач:
Өмнө нь бол дэлхийн улс орнууд хамтын ажиллагаа суурьтай, хамтын ажиллагаатай, нэгдсэн дүрэмтэй, дүрмээ дагаж байж бие биеийнхээ аюулгүй байдлыг хангадаг байсан бол дүрмийн дагуу тоглох гэдэг парадигмыг АНУ-ын яг энэ үйлдэл эвдчихэв үү гэж миний хувьд харж байгаа юм.
Өөрсдийн баримталж байгаа бодлого нь ч Латин Америкийн асуудал бол Америк тивийн энэ асуудал. Бусад улс орнууд хөндлөнгөөс битгий оролц. Бид нар өөрсдийнхөө үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, стратегийн хүрээнд ингэж байгаа гэдэг тайлбарыг хэлж байгаа.
Энэ нь бусад бүс нутгуудад өөрөө өөрсдийн бүс нутагтаа анхаарах нөлөөг үзүүлэх магадлалтай. Жишээ нь, Европын томоохон эзэнт гүрнүүд, улс орнууд нь Европын бүс нутагтаа, Азийнх бол Азидаа гэж хуваагдал үүсэх болов уу гэсэн байр суурьтай байна. Энэ дээр бол манай улс яаран дуугарах боломжгүй.
Яагаад вэ гэхээр, жижиг улс орнууд бол яг энэ улс орнууд шиг түрэмгий бодлого баримтлаад шууд хурц байр суурь илэрхийлэх боломжгүй. Эсрэгээрээ энэ олон улсын дүрэм журам хууль эрх зүйг дээдлээд, дүрмийн дагуу тоглож байж өөрсдийн аюулгүй байдал, геополитикийнхоо байр суурийг бататгадаг учраас энэ дээр яаран дуугарахгүй байсан нь дээр. Одоо ч гэсэн манай Гадаад харилцааны яамнаас тодорхой мэдээлэл хийгээгүй байгаа. Энэ нь ч зөв болов уу гэж харж байна. Мэдээж тусгаар улс юм чинь энэ асуудлын талаар байр суурь илэрхийлнэ.
Гэхдээ энэ байр суурийг наана нь Монгол Улс ийм байр суурь илэрхийлэх ёстой, тийм байр суурь илэрхийлэх ёстой гэж харах нь буруу юм. Яагаад вэ гэхээр гадаад улс болж байгаа энэ үйл явдлыг, ялангуяа өөрийн улсад хамаатуулж харахдаа үндэсний эрх ашгаа л нэгдүгээрт тавьдаг байх ёстой. Харин аль нэг нам, улс төрчид дуртай, дургүйгээс үл хамаараад энэ үйл явдлын нөлөөлөл Монгол Улсад яаж нөлөөлөх вэ гэдэг энэ үндэсний эрх ашгийг нэгдүгээрт тавьсан өнцгөөр иргэд ч гэсэн анхаарч сайн харах шаардлагатай болов уу гэж бодож байна.
Зөвхөн АНУ, Венесуэль гэсэн энэ хоёр улсын хоорондын асуудал төдий зүйл энд яригдаагүй. Газрын тосны бүтээгдэхүүн, геополитикийн асуудал, үүний эзэн нь хэн байх вэ гэдэг асуудал одоо яригдаж байна. Тэгвэл энэ асуудал Монгол Улсад хамаатай юу? Монгол Улсын жирийн иргэн та бид, автомашинаа унаад явж байгаа та бидний амьдралд газрын тосны бүтээгдэхүүн, шатахууны үнэд нөлөөлөх эсэхийг эдийн засагчаас тодрууллаа.
Н.Энхбаяр Эдийн засагч:
1945 онд байгуулсан НҮБ болон ОУВС, Дэлхийн банк зэргийн санхүүгийн систем бий, энэ систем хэвээрээ байна. Өрнөдийн орнууд давамгайлсан систем хэвээрээ байна гэж байгаа юм. Тэгэхээр энэ системээ хадгалахын тулд Венесуэльд явуулж байгаа бодлогын нэлээн холын зорилго нь тэр гэсэн үг. Тэгэхээр газрын тос олборлогч орнууд Венесуэлийн бага нөөцийг Америкийн компаниуд орж олборлоод OECD-ийн эзлэх хувь хэмжээ нэмэгдэж байгаа юм.
Венесуэль улсын олборлолт нэмэгдсэнээр дэлхийн зах зээлд нөлөөлөх үү гэхлээр энэ бол дунд хугацаандаа, 2026, 2027 онд бол биш. Магадгүй 2027-2028 онд аажим нэмэгдсэний дараа, ОПЕК-ийн гишүүн орон шүү дээ өөрөө Венесуэль чинь. Тэгэхээр нийлүүлж байгаа хэмжээгээ ОПЕК-ийнхоо хурал дээр тохиролцоно. Олборлолтоо нэмэгдүүлж байна шүү дээ.
Тэгэхээр бусад гишүүн орнууд дэлхийн зах зээл дээр үнийг тогтвортой байлгая гэвэл бусад гишүүн орнууд нь буулгана гэсэн үг. Тэгж байж ОПЕК-ийн гишүүн орнуудын дундаж нийлүүлэлтийн хэмжээ тогтвортой хэмжээнд байх ёстой. Яагаад гэхлээр 2026-2027 онд дэлхийн эдийн засгийн өсөлт тааруу 3%-иас доош орж байгаа.
Энэ оны байдлаар ОУВС, Дэлхийн банкны таамаглалаар дэлхийн эдийн засгийн өсөлт бол дөнгөж 3 орчим л хувьд байгаа. Энэ тааруу өсөлт маань газрын тосны хэрэглээг бууруулж байгаа юм. Хэрэглээ тааруу үед нэг улс олборлолтоо нэмээд эхлэхээр үнэ улам буурна. Тэгэхээр энийг ОПЕК-ийн бусад гишүүн орнууд хүлээн зөвшөөрөх үү гэдэг асуудал яригдана. Нөгөө Саудын Араб, Катар, Кувейт гээд.
Тэгэхээр эдгээр улс орнууд харилцан ойлголцож байж газрын тосны үнэ ханшийн нийлүүлэлтийнхээ хэмжээг тогтоож байж үнэ ханш тогтоно. Тэгэхээр айхтар 2026 ондоо үнийн савлагаа төдийлөн гарахгүй болов уу л гэж бодож байна.






