
“СЭМҮТ-ийн хяналтад байх ёстой өвчтөн яагаад гадуур явж байсныг тогтооно”
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр \2025.01.08\ нийгмийг цочроосон хэргийн талаар мэдээлэл хийв.
Тэрбээр “Нийгмийн цочроосон маш харамсалтай гэмт хэрэг гарсан. Энэ хэрэгтэй холбогдуулан цаг үеийн шинжтэй мэдээлэл өгье. Шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсан. Эмнэлгийн арга хэмжээний дараа болсон энэ үйл явдалтай холбоотой эрх зүйн орны хүрээнд засч залруулах шаардлагатай зүйлс байна. Тийм учраас Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдын тушаалаар өчигдөр шуурхай ажлын хэсэг байгуулж, Эрүүгийн хууль тогтоомжид байгаа эмнэлгийн албадлагын арга хэмжээний үр нөлөөг эрүүгийн хариуцлагын гол зорилгодоо нийцэж чадаж байгаа эсэхэд дүгнэлт хийж, хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлж байна. Дахин энэ төрлийн харамсалтай гэмт хэрэг гарч, нийгмийг цочирдуулах ёсгүй. Хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар өргөн барьж, батлуулахаар ажиллана. Энэ ноцтой гэмт хэргийг ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг гарч, гарсан бодит нөхцөл байдлыг шалгаж тогтооно. Цагдаагийн байгууллагаас прокуророос зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгнө. Бодлогын хувьд салбарын сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу эмнэлгийн албадлагын арга хэмжээ өнөөгийн Эрүүгийн хуулийн дагуу явагдсан уу, шинжээчийн дүгнэлт үнэн зөв байсан эсэхийг шалгана. Өөрөөр хэлбэл, СЭМҮТ-ийн хатуу хяналтад байх ёстой өвчтөн гадуур сул чөлөөтэй явж байсан бэ гэдгийг шалгаж тогтооно. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар товч мэдээлнэ” гэлээ.
ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны дарга П.Очбадрах:
-“Би прокурорын байгууллагын зөвшөөрөгдсөн хэмжээнд хэргийн талаар мэдээлэл өгье. Цагдаагийн байгууллагын тусгай 102 утсанд 2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр 22:54 цагт хүний амь нас хохирсон дуудлага мэдээлэл нийслэлийн БЗД-ийн цагдаагийн хэлтэст ирсэн. Хэргийн газар дээр хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Хэрэг БЗД-ийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарч, 19:55-22:52 цагийн хооронд 30 настай эмэгтэй М, дөрвөн настай А нар хутгалуулсан байдалтай нас барсан байсан. Мөн түүнчлэн гурван настай охин А гар сарвуу, нуруундаа хутгалуулж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдсон. Охинд анхан шатны тусламж үзүүлж, Цэргийн төв эмнэлэгт хүргэсэн бөгөөд охин гурван удаагийн хагалгаанд орсон. Биеийн байдал тааруу байна. Эрүүгийн цагдаагийн алба болон Мөрдөн шалгах алба хамтран шуурхай ажлын хэсэг байгуулж, мөрдөн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэх боломжгүй байдаг. Бид иргэн Б-г цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээг 30 хоногийн авсан байна” гэв.
Шууд мэдээллийг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






