
Улс дамнасан цахим луйврын сүлжээ ажиллуулдаг Хятад иргэнийг баривчилжээ
Камбож улсаас улс дамнасан олон тэрбум ам.долларын цахим луйврын сүлжээ ажиллуулж, луйвар болон мөнгө угаах гэмт хэргээр яллагдагчаар татагдсан Чэн Жи нэртэй Хятад эрийг Камбожийн хууль сахиулагчид баривчилж, БНХАУ-д шилжүүлжээ. Чэн Жигийн Камбож дахь цахим луйврын төвүүд нь романс залилан, цахим валютын луйвраар мэргэшсэн ба шорон мэт хатуу хамгаалалттай төвүүддээ Чэн Жи хүний наймааны хохирогчдыг айлган сүрдүүлэх замаар ажиллуулдаг байжээ.
Өнгөрсөн 10-р сард Вашингтон Чэн Жиг яллаж, АНУ, Их Британийн зүгээс хориг тогтоосноос хойш Европын эрх баригчид, АНУ болон Азийн орнууд Чэн Жигийн Prince Holding Group компанийг шалгаж, их хэмжээний хөрөнгийг нь хураагаад байсан юм. АНУ-ын Хууль зүйн яам Чэн Жигийн байгуулсан Prince Group компани нь Азийн хамгийн том улс дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэглэл гэж тодорхойлжээ.
Камбожийн хууль сахиулагчид Чэн Жигийн хамт Хятадын хоёр иргэнийг баривчилж, Хятад руу шилжүүлсэн ба Чэн Жигийн Камбожийн иргэншлийг цуцлаад байгаа аж. Чэн Жигийн цахим луйврын төвүүд нь дэлхий даяар олон сая иргэдэд олон тэрбум ам.долларын хохирол учруулаад байгаа аж. Камбож, Мьянмар даяар цахим луйврын олон арван төвүүд үйл ажиллагаа явуулдаг ба тэдгээр нь өндөр цалин амласан хуурамч ажлын зарын тусламжтай гадаадын иргэдийг тус төвүүддээ хүчээр ажиллуулдаг аж.
Америкийн прокурорууд Prince Group нь 2015 оноос хойш дэлхийн 30 гаруй оронд үл хөдлөх хөрөнгийн бизнес, санхүүгийн үйлчилгээ болон худалдаа хийх халхавчин дор хууль бус үйл ажиллагаа явуулж байсныг мөн Чэн Жи нь хууль бус ажиллагаагаа явуулахын тулд төрийн өндөр албан тушаалтнуудад их хэмжээний авлига, хээл хахууль өгдөг байсныг онцолж, Чэн Жи нь Камбожийн Ерөнхий сайдын зөвлөхөөр хүртэл ажиллаж байсныг дурджээ.






