
Колумб даяар иргэд АНУ-ын эсрэг жагсаал цуглаанд нэгджээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын зэвсэгт хүчний Венесуэлд явуулсан тусгай ажиллагааны дараа өнгөрсөн ням гарагт сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Венесуэлд явуулсантай адил цэргийн ажиллагааг Колумб улсад явуулах боломжтой тухай дурдсан нь Колумбын ард иргэдийн бухимдлыг төрүүлжээ. Колумб даяар иргэд тусгаар тогтнолоо хамгаалах, АНУ-ын эсрэг жагсаал цуглаанд нэгджээ.
Айл өрхүүд, албан байгууллагууд дээвэр дээрээ болон цонхноосоо Колумб улсын төрийн далбааг намируулж, жагсагчид “Эрх чөлөөт, тусгаар тогтносон Колумб улс мөнхөд орших болтугай” хэмээн нэгэн дуугаар уриалж байжээ.
Зарим нь “АНУ нь дэлхийн энх тайванд заналхийлж буй хамгийн том аюул”, “Янкууд зайлцгаа” гэсэн бичигтэй лоозон барьсан байсан байжээ. Колумбын иргэд, тус улсын Ерөнхийлөгч Густаво Петро Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурог баривчилсан явдлыг буруу гэж үзэж байгаа юм.
Ерөнхийлөгч Г.Петрогийн хувьд АНУ-ын байлдааны хөлөг онгоцнууд Өмнөд Америкийн эрэг орчмоор байрлаж, цохилт үзүүлж, Венесуэлийн газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцнуудыг барьцаалж буйг буруушааж буйгаа удаа дараа илэрхийлж, АНУ-ын цэргийн тусгай ажиллагааг хатуу шүүмжилсэн нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын бухимдлыг төрүүлж, Д.Трамп Колумбын Ерөнхийлөгчийг хар тамхины барон хэмээн тодорхойлж, араа мэдэж яваарай хэмээн анхааруулсан юм.
АНУ, Колумбын харилцаа хурцадсантай холбоотойгоор өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Колумбын Ерөнхийлөгч Г.Петро нар утсаар ярилцаж, ойрын хугацаанд Цагаан ордонд уулзахаар тохиролцжээ.






