
Өвлийн XXV Олимпын наадамд Монгол улс Гүйлтийн цанын төрлөөр 2 тамирчин оролцоно.
- Цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
- Цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Э.Ариунтунгалаг
Харин уулын цанын төрөлд Монгол Улсаас анх удаа өвлийн олимпын цасан цагаан замд уралдах бөгөөд Үндэсний шигшээ багийн тамирчин А.Ариунбат бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Манай сайтын сурвалжлах баг өнөөдөр (2025.01.07) Скай резорт цанын баазыг зорин, баг тамирчдын бэлтгэл сургуулилтын үеэр дараах видео сурвалжилгыг бэлтгэлээ.
Тамирчдын хувьд цасны бэлтгэлээ Скай резорт цанын баазад, хүчний бэлтгэлээ Gan спортын төвд хангаж байгаа ажээ. Баг тамирчид энэ сарын 14-нд Герман улсыг зорьж, Дэлхийн цомын тэмцээнд оролцоод, тэндээсээ шууд Италийг зорихоор төлөвлөжээ. Тамирчдын дасгалжуулагчаар ОУХМ Д.Баттулга ажиллаж байна.

Олон Улсын хэмжээний мастер Э.Ариунтунгалаг: Ээж маань өвлийн олимпын цаначин хэмээн хүүхдүүддээ бахархуулах нь энэ хүртэл зүтгэсний үр дүн


-Сайн байна уу? Өглөөний 10 цаг 27 минут, гадаа -22 хэмийн хүйтэн байна. Бэлтгэл сургуулилт одоо хэр байна?
-Сайн байна уу. Бд тун удахгүй Италийг зорих гэж байна. Бэлтгэл сургуулилт жигдрээд формын байдалтай байгаа. Үдээс өмнө цасны бэлтгэлээ Скай ресорт цанын бааз дээр харин үдээс хойш хүчний бэлтгэлээ Ган спорт центрт хангаж байна.
-5-6 настайгаасаа цанын спорт руу хөл тавин орсон. Өвлийн олимпт анх удаагаа өрсөлдөх гэж байна. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Өвлийн олимпын цасан цагаан замд өрсөлдөнө гэдэг нь өөрөө нэр төрийн хэрэг байдаг.
Олимпын наадмын зассан замд мөрөө гаргах гэж буйдаа маш их баяртай байгаа. Энэ бол маш олон жилийн маань хөдөлмөр, мөрөөдөл, тууштай байсны маань үр дүн гэж харж байгаа. Энэ олон жилийн хүч хөдөлмөрийг спортод зарцуулсныхаа үр дүнд олимпын тамирчин болох хамгийн чухал бас онцгой. Тэр мөрөөдөл, зорилгоо биелүүлж буйд маш их баяртай байгаа.
-Энэ сарын 14-нд Герман улсыг зорьж, Дэлхийн цомд оролцоод, тэндээсээ Италийг зорихнээ?
-Дэлхийн цомын тэмцээнд цаначид онооны болзол хангаж байж ордог. Яг оръё гэсэн тамирчин бүр ордоггүй. Өмнөх жилүүдэд Б.Ачбадрах маань 2 жил дараалан дэлхийн цомын гараанд гарч уралдсан байгаа. Энэ жилээс миний оноо хангалттай болж, олимпын өмнөхөн дэлхийн цомд уралдах эрхтэй байна гэж үзээд FISU буюу Олон Улсын Цанын холбооноос олгодог оноо маань ер нь бага болж байгаа. Ингээд дэлхийн цомын гараанд гарч уралдах гэж байгаадаа маш их баяртай байна. Олимпын өмнө дэлхийн цомын гараанд гарч, дэлхийн томчуудтай зэрэгцэж уралдах гэж буйдаа маш их баяртай байгаа.
– FISU оноо нь одоо хэдтэй байгаа вэ?
-Миний оноо 128 байгаа, 150-аас дотогшоо байж дэлхийн цомын гараанд гарах эрхтэй болдог. Дэлхийн цомд анхны гараа, залгаад өвлийн олимпын цасан цагаан замд анх удаа уралдана.
-Өвлийн олимпт бэлтгэх цаг хугацаа асар их зарцуулдаг. Та бүхний хувьд олон жил бэлтгэж байгаа болов уу?
-2022-2026 оны олимпын 4 жилийн циклд бэлтгэл сургуулилтыг маш чамбай хийсэн. Баг хамт олноороо ярилцаад, бэлтгэлийг маш чанартай зохион байгуулалттай хийсэн, дасгалжуулсан багшдаа бас баярлалаа гэж хэлье. Мөн Ган спорт центр дээр кроссфитийн бэлтгэлээ Роки болон Маралаа багш дээр хийдэг. Энэ хүчний бэлтгэл нь хөдөлгөөний эв дүй маш сайжруулдаг, авхаалж самбаатай болгодог. Тэгэхээр тэр нь спортын жигдрэлт, хүч гаргах, авхаалж самбаа шаардсан ийм зүйлүүд дээр маш их нөлөөлж байгаа гэж үзэж байна.
-Цанын спортоор хичээллэх анхны сэдлийг хэн өгөв?
-Ээж маань өгсөн. Манай ээж армийн аварга шалгаруулах өвлийн цэрэгжилтийн спортын нормын 3 төрөлтэй тэмцээнд оролцдог байсан. Энэ тэмцээн одоо ч зохион байгуулж, шилдгүүдээ тодруулдаг. Намайг 6 настай байхад, зуны болон өвлийн сурагчдын амралтаар харах хүн байхгүй учраас ээж маань намайг бэлтгэлдээ аваад гардаг байсан. Тэгээд анх цас, мөсөнд оруулж эхэлсэн. Яг мэргэжлийн тамирчин болъё, цанын спортоор тууштай хичээллэе, энэ спортод амжилт гаргъя гэж эхэлсэн. Харин сонирхож, мэргэжлийн түвшинд хичээллэж, дасгалжуулагчтай ажиллаж эхэлсэн жил бол 2009 он.
-Бяцхан үрсийн ээж, айлын гэргий, Монгол Улсын тамирчин гээд л олон үүрэг, хариуцлагыг нэгэн зэрэг үүрдэг эмэгтэй тамирчдаар бахархдаг. Өөрийн тань хувьд энэ бүх ажил албыг зэрэг гүйцэтгэж, нэг хүнд ахадсан гэмээр хариуцлага үүрдэг?
-Эмэгтэй тамирчин байх карьерынхаа хугацаанд хоёр хүүхэд төрүүлээд авсан. 2 хүүхдийн ээж болсон гэдэгтээ маш их баяртай байдаг. Тэгээд давхар хоёр хүүхдийн ээж болж байна аа гэдэг чинь надад хариуцлага, дахиад 2-3 дахин нэмэгдэж байна аа. Ганцхан миний хүсэл, зорилго, мөрөөдөл цанын спорт биш.
Энэ бол манай гэр бүлийн, үр хүүхдүүдэд маань миний ээж өвлийн олимпын тамирчин байсан шүү гэж хэлүүлэх энэ хүртэл хичээсэн хамгийн том шалтгаан маань гэр бүл, үр хүүхэд маань юм.
Ярилцсанд баярлалаа.


Олон Улсын хэмжээний мастер Б.Ачбадрах: 3 дахь өвлийн олимптоо оролцоно. Халуунд халж, хүйтэнд хөрч бэлтгэлээ базаасны үр дүнд дараагийн олимпын циклдээ ч орох зорилго тээж яваа
-Сайн байна уу? Өвлийн олимпын бэлтгэл сургуулилт ямар шатандаа явж байна?
-Өвлийн олимпын бэлтгэл сургуулилт маш сайхан хангагдаад явж байна. Эх орондоо энэ жилийн хувьд бэлтгэл сургуулилтаа хийж байна. Өмнө нь олимпт оролцохдоо Швейцарт бэлтгэл сургуулилтаа хийж байсан.
-Цасны бэлтгэл болон хүчний бэлтгэлээ хэрхэн хослуулж байна?
-Хахир өвлийн хүйтэнд бэлтгэл сургуулилтаа энэ жилийн хувьд давуу тал болгож хийж байна шүү дээ. Мөн Ган спорт центр дээр хүчний бэлтгэлүүдээ ихэвчлэн Роки багш, Маралаа багш 2 дээрээ хийсэн. Ган спорт центр хамт олон маань 12 сар хүртэл үнэ төлбөргүй, бэлтгэл сургуулилт хийх боломжоор сайхан хангаж өгсөнд маш их баяртай байгаа. Бид нар эх орныхоо төлөө тангараг өргөсөн хүмүүс. Олимпын цагаан цасан дээр Монголынхоо нэрийг өндөрт гаргахын төлөө бид маш их хичээж байна.
-Б.Ачбадрахын хувьд 3 дахь цасан цагаан өвлийн олимпынхоо замд уралдах гэж байна?
-Миний хувьд 3 олимпын циклд халуунд нь халж, хүйтэнд нь хөрж бэлтгэл сургуулилтаа хийлээ. Магадгүй дараагийн жилээс олимпын циклдээ хамрагдаад явахыг ч үгүй гэх газаргүй. Тийм болохоор энэ жил сэтгэлзүй болон бие организмаа олимпдоо сайхан бэлдэж байна. Олимпдоо бас сайхан амжилт гаргая л гэсэн хүсэл зорилгото,й бэлтгэл сургуулилтаа хийгээд байж байна даа.
-Өөрийн тань хувьд 2025 онд БНСУ-д болсон УАШТ-д амжилттай оролцоод, түрүүлэн, хоёр ч алтан медалийг зүүсэн. Тэр амжилтын мэдээ Солонгосыг шуугиулсан?
-Яг жилийн өмнө БНСУ-ын дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээн нээлттэйгээр болсон. Тэр тэмцээнд 2 удаа түрүүлээд, 2 алтан медалийг нь авсан. Солонгос орон бол бүхэл бүтэн хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон өвлийн цагаан олимпыг зохион байгуулж байсан туршлагатай. Цанын спортыг хөгжил дэвшил ярих зүйлгүй сайжирчихсан. Тус улсын дотоодын том тэмцээнд олон сайхан тамирчидтай өрсөлдөөд түрүүлсэндээ сайхан баяртай байгаа.
-1 сарын 14-нд Германыг зорьж, тэнд Дэлхийн цомын гараанд гарч уралдана. Өөрийн тань уралдах гэж буй хэд дэх Дэлхийн цомын гараа вэ?
-Энэ жилийн анхны дэлхийн цомын гараа маань эхлэх гэж байна. Тэгээд үргэлжлүүлээд бэлтгэл сургуулилтаа Италид хийж байгаад, олимпынхоо тэмцээнд оръё гэсэн хөтөлбөртэй явж байгаа. Миний хувьд Дэлхийн цомын 4-5 гараанд гарч уралдсан.
-Өвлийн ид жавар тачигнасан хүйтныг үл ажран бэлтгэлээ хангах цаначдыг хараад бахархах сэтгэл эрхгүй төрж байна?
-Монголдоо өвлийн спортын тамирчид их хүйтэн байна гэхээсээ илүү үүнээсээ кайф авч, өөрөөрөө урамшиж байж бэлтгэл сургуулилтаа хийхгүй бол байнгын ингээд даарч хөрж байдаг болохоор бас эрүүл мэндийн хувьд маш бээрэг болох магадлалтай байдаг. Тэгэхээр үүнийг даван туулж байж энэ амжилтын ард гарна аа. Тэгж байж хүн төрөлхтний олимп руу эх орныхоо нэрийг өргөхийн төлөө зорьж байгаа.
Өвлийн олимпт бүх л орнууд дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг тамирчид ирж оролцохын тулд зорьж, зарим тамирчид нь Норвегт 4 жил бэлтгэл сургуулилтаа хангаж байж, уралддаг. Манай Монголын тамирчид өвөл болдог учраас үүнийг давуу тал болгоод бэлтгэл сургуулилтаа Монголдоо хийгээд, гадаадад очиж уралдаад олимпын эрхээ авч байгаад сайхан байна.
-Аливаа спортын төрлийн хөгжил урагшлахад дэмжлэг маш их чухал. Дээр нь цанын спортын хэрэглэл, материал маш өндөр өртөгтэй байдаг?
-Хамгийн чухал нь өөрт сайн дасан зохицох хэрэглэл, материиал, цана буюу энэ сайхан “Зандан хүлэг” хэмээн бид билэгшээдэг. Энэ жил олимпт маш олон хүмүүс бид нарыг ивээн тэтгээд, саяхан хүртэл “Алтан Тариа” компаниас шинэ сайхан цана зандан хүлгийг маань бэлэглэсэнд билэгшээж байна аа. Тэгээд энэ олимпдоо маш сайхан амжилт гаргах байх аа гэж бодож байна.
Мэдээж цана бол маш их шаардлагатай байдаг. Хэрэглэл материал дээр л бид нар түлхүү уралддаг. Ер нь тамирчин хүний 40% нь цанын тосолгооноос шалтгаалан, амжилт урагшлах, хойшлох нь мэдэгддэг. Тэгэхээр ер нь тосолгоо хамгийн сайн байх хэрэгтэй. Цана хэрэглэл материал бас сайн байх хэрэгтэй. Мэдээж тэр олимпын лидер тамирчид бол хэрэглэл материал хамгийн шилдэг гэснийгээ л хэрэглэж байгаа.
-Цанын спорт юугаараа соронз мэт татдаг вэ?
-Хүн өглөө сэрээд, орноосоо босоод л амьсгалыг хамгийн түрүүнд мэдэрдэг. Яг тэрэн шиг хүн энэ спортоос аз жаргал бүхий л зүйлийг мэдэрч, кайф авснаар би өдөр бүр л энд ирж, бэлтгэл сургуулилтаа хийж байгаа шүү дээ. Цанын спорт бол ерөөсөө гайхамшиг л юм даа.
Ярилцсанд баярлалаа.


Цанын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Д.Баттулга: Италид 15 хоног цаг агаар, цагийн зөрүүнд дасан зохицох бэлтгэлээ хийнэ
-Энэ Милан-Кортина өвлийн олимпод бэлдэхийн тулд 4 жил бэлтгэлээ бид хангалаа. 4 жилийн дотор бид нар Азийн тоглолтод оролцсон. Тэгээд олон улсын тэмцээнээс 9 медаль авлаа.
- 3 алт
- 2 мөнгө
- 4 хүрэл
Бид нар олимпын эрхээ жилийн өмнөөс авчихсан. Энэ жил цас их эрт орсон учраас Скай ресорт цанын баазад бараг сарын өмнө бэлтгэлээ эхэлчихсэн. Энэ сарын 14-нд Германыг зориод, тэнд дэлхийн цомд уралдаад, тэндээсээ Италид очоод 14 хоног цаг агаарт нь дасан зохицох, зам харгуйтай нь танилцах бэлтгэл хийж байгаад олимпдоо орохоор төлөвлөөд л байж байна даа.
Дэлхийн цомд уралдана гэдэг нь өвлийн олимпын өнгөө тэндээс харчихна гэсэн үг л дээ. Бид нар өмнө нь 10км давах зөвшөөрлөө аваад л, зөвхөн тэмцээн уралдаанд ордог байсан бол энэ жил А зэрэглэл гэдэг ангилалд багтаж чадсан нь дээгүүр уралдана гэсэн зорилго тээж яваа.
Мөн бид бүх зайдаа эрхийг нь авчихсан учраас аль ч тэмцээнд нь орж болно. Тэгэхээр бид нар энэ жил олимпдоо 3 зайд уралдах байх гэж бодож байна. Энэ бол бидний ажлын үр дүн бас их өндөр амжилт.
Энэ удаагийн олимпт гүйлтийн цанаар хоёр тамирчин, уулын цанаар анх удаа тэр дотроо нэг тамирчид оролцох эрх авсан нь Монголын Цанын холбоо болон, багш дасгалжуулагч, тамирчдын хамтын ажиллагааны үр дүн гэж харж байна.
Ярилцсанд баярлалаа.






