
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн нийгмийн сүлжээндээ Венесуэл улс АНУ-д 30-50 сая баррель газрын тос нийлүүлэхээр болсон тухай зарлажээ.
Түүний бичсэнээр Венесуэлээс авсан газрын тосоо Вашингтон зах зээлийн үнээр борлуулж, орлогыг нь Венесуэл болон АНУ-ын ард иргэдийн сайн сайхны төлөө зарцуулах аж.
Түүнчлэн өнгөрсөн даваа гарагт Д.Трамп NBC сувагт өгсөн ярилцлагадаа Венесуэлийн газрын тосны нөөц газрын тосны үнийг хямд барихад тусална хэмээн мэдэгджээ.
Ерөнхийлөгч Д.Трамп газрын тосны нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч Венесуэлийн газрын тосны салбар 18 сарын дотор бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ, үүний үр дүнд Каракас их хэмжээний хөрөнгө оруулалтыг татах болно гэж мэдэгдсэн ч шинжээчдийг хийсэн тооцоо үүнтэй зөрж байгаа юм.

Шинжээчид Венесуэлийн газрын тос олборлолтыг бүрэн сэргээхэд урт хугацаа, их хэмжээний мөнгө зарцуулагдана гэж тооцоолж байгаагаас гадна Д.Трампын төлөвлөгөө газрын тосны үнэд нөлөөлнө гэж үзэхгүй байгаа аж.
Америкийн газрын тосны томоохон компаниудын төлөөлөл энэ 7 хоногт Д.Трампын засаг захиргаатай уулзахаар төлөвлөөд байгаа ба тус компаниудын зүгээс хамгийн түрүүнд Венесуэлд улс төр, эдийн засаг, нийгмийн тогтвортой байдал тогтсон байхыг шаардах нь гарцаагүй ч тэдгээр компаниудын Венесуэлд оруулсан хөрөнгө оруулалт нь ойрын хэдэн жилдээ ашиг өгөхгүй гэдгийг шинжээчид онцолж байна.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/articles/c4grxzxjjd8o






