
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа өнгөрсөн амралтын өдрүүдэд Венесуэлд цохилт үзүүлж, цэргийн тусгай ажиллагаа явуулан, тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурог, энхнэрийнх нь хамт баривчлаад байгаа билээ. Уг тусгай ажиллагааг явуулахаас өмнө Д.Трампын засаг захиргаа Венесуэлд үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлж, Ерөнхийлөгч Н.Мадурог хар тамхины хэрэгт буруутган, Венесуэл рүү довтолно хэмээн заналхийлж байсан юм.
Тэгвэл Ерөнхийлөгч Д.Трамп Америкийн төрийн тэргүүнээр 2 дахь удаагаа томилогдсоноосоо хойш өөр ямар улс орнуудад анхааруулга өгч, сүрдүүлснийг санацгаая.
Гринланд
Дани улсын нэг хэсэг болох Гринланд нь АНУ-ын зүүн хойд эргээс 3200 км зайд байрлах ба тус арал дээр АНУ-ын Питуффик Сансрын бааз байрладаг. Ерөнхийлөгч Д.Трампын хувьд Гринланд нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой гэж үзэж буйгаа удаа дараа илэрхийлж байсан юм.
Түүнээс гадна Гринланд нь ухаалаг гар утас, цахилгаан автомашин, цэргийн орчин үеийн техникийг үйлдвэрлэхэд нэн чухал газрын ховор металлаар баялаг юм. Өнөөдрийн байдлаар Вашингтон газрын ховор металлын олборлолтоороо Бээжингийн ард бичигдэж байгаа билээ.
Гринланд арлын байршил нь Хойд Атлантын бүс нутагт стратегийн чухал ач холбогдолтой юм. Хойд туйлын мөс хайлж эхэлснээр Гринландыг тойроод усан тээврийн шинэ замууд гарах төлөвтэй байгаа юм.
Өнгөрсөн даваа гарагт Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен Д.Трамп Гринландыг хяналтдаа авахыг хүсэж буйгаа илэрхийлснийг нухацтай авч үзэх хэрэгтэйг онцлон, “Данийн Хант Улсын байр суурийг миний бие маш тодорхой илэрхийлсэн, Гринланд ч бас удаа дараа АНУ-ын нэг хэсэг болохыг хүсэхгүй байгаагаа мэдэгдсэн.” хэмээн Данийн DR сувагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
Өнгөрсөн мягмар гарагт Франц, ХБНГУ, Их Британи тэргүүтэй орнууд Данийн Ерөнхий сайд Метте Фредериксений хамт хамтын мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлдээ дээрх улс орнууд Вашингтоноос Данийн Хант Улсын тусгаар тогтнолыг хүндлэхийг шаардаж, НАТО Арктикийн бүсийн аюулгүй байдлыг нэн чухалчилдаг болохыг онцолжээ.
The Wall Street Journal сонинд бичсэнээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Д.Трампын засаг захиргаа Гринландыг зэвсэгт хүчний ажиллагаагаар авахаас илүү тус арлыг Дани улсаас худалдан авахыг илүүд үзэж байгаа тухай хууль тогтоогчидтой хийсэн уулзалтынхаа үеэр дурджээ.
Колумб
Венесуэлд явуулсан цэргийн ажиллагааныхаа дараа Ерөнхийлөгч Д.Трамп Колумбын Ерөнхийлөгч Густаво Петрог “араа харж явах”-ыг анхааруулсан юм.
Венесуэлийн хөрш Колумб нь мөн л газрын тосны багагүй нөөцтэй, алт, мөнгө, маргад эрдэнэ, цагаан алт болон нүүрс олборлолтоороо тэргүүлэгч орнуудын нэг юм.
Түүнчлэн Колумб нь бүс нутгийн хар тамхины худалдаа наймааны гол төв гэгддэг бөгөөд өнгөрсөн 10-р сард Вашингтон Колумбын Ерөнхийлөгч Г.Петрог хар тамхины картелуудыг хөхүүлэн дэмжиж байна хэмээн буруутгаж, түүний эсрэг хориг арга хэмжээ тогтоосон юм.
Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн ням гарагт сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Колумб улсыг кокаин хийж, АНУ-д зарах дуртай, өвчтэй хүн удирдаж байна. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй.” хэмээн мэдэгдсэн ба АНУ Колумбид цэргийн ажиллагаа явуулах уу гэсэн асуултад Д.Трамп, “Миний хувьд боломжийн сонсогдож байна.” хэмээн хариулжээ.
Түүхэндээ Колумб нь АНУ-ын хар тамхины эсрэг дайны гол түнш байсаар ирсэн ба хар тамхины картелуудтай тэмцэх зорилгоор Вашингтоноос жил бүр олон зуун сая ам.долларын дэмжлэг авдаг аж.
Иран
Сүүлийн хэдэн 7 хоног Ираны томоохон хотуудад засгийн газраа эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан өрнөсөөр байгаа ба Ерөнхийлөгч Д.Трамп Ираны эрх баригчдад жагсагчдын эсрэг хүч хэрэглэж, иргэдийн аминд хүрсэн тохиолдолд АНУ хариу хүчтэй цохилт үзүүлэх болно хэмээн анхааруулаад байгаа юм.
2025 оны зун Д.Трампын засаг захиргаа Ираны цөмийн объектуудад цохилт үзүүлсэн билээ.
Түүнчлэн өнгөрсөн 7 хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай хийсэн уулзалтын үеэр талууд Ираны асуудлыг чухалчлан хөндөж, Б.Нетаньяху 2026 онд Иранд дахин цохилт үзүүлэх төлөвлөгөөгөө танилцуулжээ.
Мексик
2016 онд Д.Трамп анх удаа АНУ-ын Ерөнхийлөгчөөр томилогдсоныхоо дараа АНУ-Мексикийн хил дээр хана барих шийдвэр гаргаж байсан билээ.
2025 онд Д.Трамп Америкийн төрийн тэргүүнээр 2 дахиа томилогдсоныхоо дараа Мексикийн буланг Америкийн булан гэж нэрлэх тогтоолд гарын үсгээ зурсан ба тэрээр Мексикийн эрх баригчдыг хар тамхи, хууль бус цагаачдын урсгалыг зогсоох арга хэмжээ хангалттай авч чадахгүй байна хэмээн удаа дараа мэдэгдээд байгаа юм.
Өнгөрсөн ням гарагт Д.Трамп Мексикээс АНУ руу хар тамхи орж ирсээр байгааг онцлон, Вашингтон уг асуудлын эсрэг арга хэмжээ авах шаардлагатай байгааг дурджээ.
Нөгөө талаас Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум АНУ Мексикийн нутаг дэвсгэр дээр цэргийн ажиллагаа явуулж болзошгүй гэсэн мэдээллүүдийг няцаажээ.
Куб
АНУ-ын Флорида мужаас 145 км зайтай орших Куб улс нь 1960-аад оноос хойш Америкийн хоригт орсон ба Венесуэлын ойрын түнш орон юм.
Өнгөрсөн ням гарагт Ерөнхийлөгч Д.Трамп Куб улсыг хэдийн уналтад орж, Венесуэлээс газрын тос авч чадахгүй болж, ямар ч орлогогүй болсон учир тус улсад цэргийн ажиллагаа явуулах шаардлага гарахгүй хэмээн мэдэгджээ.
Куб улсын импортолдог нийт газрын тосны 30 орчим хувийг Венесуэлийн газрын тос эзэлдэг ба Н.Мадурогийн дэглэм унаснаар Кубын газрын тосны нөөц хомстолд орох төлөвтэй байгаа аж.
Түүнчлэн Кубын цагаачдын гэр бүлд төрж өссөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Кубын дэглэм солигдох ёстой хэмээн удаа дараа мэдэгдэж байжээ.
Эх сурвалж: BBC






