
Монгол Улсын гадаад валютын нөөцийн хэмжээ 2025 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 7 тэрбум ам.долларт хүрч, оны эхнээс 1.5 тэрбум ам.доллар буюу 27.1%-иар нэмэгдлээ.

Тус өсөлтөд төлбөрийн тэнцлийн урсгал болон санхүүгийн дансны дараах үзүүлэлтүүд голлон нөлөөллөө. Үүнд:
- Урсгал данс: 2025 оны эхний 11 сард нүүрсний экспортын орлого нь үнийн нөлөөгөөр 3.2 тэрбум ам.доллароор буюу өмнөх жилээс 39 хувиар буурсан хэдий ч, дэлхийн зах зээл дээрх зэсийн ханш болон экспортын биет хэмжээ өсөж, улмаар зэсийн баяжмалын экспортын орлого оны эхний 11 сард 73 хувиар нэмэгдсэнээр барааны экспорт өндөр түвшинд хадгалагдлаа. Түүнчлэн үйлчилгээний дансны алдагдал болон барааны импортын өсөлт буурсан нь урсгал дансны алдагдал буурахад эергээр нөлөө үзүүллээ. Монголбанкны үнэт металлын худалдан авалт оны 4 дүгээр улиралд идэвхжиж 12 дугаар сард 2.77 тоннд, оны эцсийн гүйцэтгэлээр 16.3 тоннд тус тус хүрсэн ба 2025 онд алтны ханш 64 хувиар өссөн нь алтны мөнгөжүүлэлтийн орлого оны сүүлийн сард огцом нэмэгдэхэд томоохон дэмжлэг болов.
- Санхүүгийн данс: Монгол Улсын эдийн засгийн өсөлт эрчимжсэн, гадаад төлбөрийн чадвар сайжирсан, төсвийн болон гадаад өрийн оновчтой бодлого хэрэгжүүлсэн зэрэг үндэслэлээр 2025 онд Эс энд Пи агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “ВВ-”, Мүүдиз агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг “В1” болгон тус тус дахин ахиулав. Ийнхүү 2 жил дараалан зээлжих зэрэглэл нэмэгдэж, түүхэн дээд түвшинд хүрсэн нь арилжааны банкнууд харьцангуй хямд өртгөөр валютын эх үүсвэр татах, санхүүгийн дансны ашиг нэмэгдэх суурь хүчин зүйл боллоо. Монгол улсын олон улсын зах зээл дээр гаргасан 2 жилийн үлдэгдэл хугацаатай ам.долларын ЗГҮЦ-ны өгөөж 5.2% түвшинд арилжаалагдаж байгаа нь ижил хугацаа бүхий АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөжтэй харьцуулахад түүхэн бага спрейд буюу бага эрсдэлийн урамшуулалтай арилжаалагдаж байгаа явдал юм.
Цаашлаад, 2026 онд ам.долларын бодлогын хүү үргэлжлэн буурах хүлээлттэй байгаа нь ам.долларын эх үүсвэрийн өртөг буух, геополитикийн нөхцөл байдал болон хиймэл оюун ухааны технологийн эрэлттэй уялдуулан алт болон зэсийн үнэ үргэлжлэн өсөх, алтны олборлолт нэмэгдэх, нүүрсний үнэ, экспорт тогтворжих зэргээс үзвэл 2026 онд төлбөрийн тэнцэлд үзүүлэх гадаад секторын дарамт харьцангуй тогтвортой байх, гадаад валютын нөөцийн хэмжээ улирлын онцлогоос хамааран хэлбэлзэх ч, эдийн засгийн суурь нөхцөл эерэг байх хүлээлттэй байна.
Монгол Улсын гадаад валютын нөөц өсөн нэмэгдэх нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах, гадаад сектороос эдийн засагт ирэх аливаа эрсдэл, дарамтаас хамгаалах, бууруулах, гадаад өр төлбөрийн болон импортын төлбөрийн баталгааг хангах зэрэг чухал үр нөлөөтэй. Улмаар гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, дотоодын ААНБ болон банкнуудын гадаад валютын эх үүсвэр татах өртөг болон өрийн үйлчилгээний зардлыг бууруулах зэргээр эдийн засагт бодитой өсөлт бий болгох ач холбогдолтой юм. Монгол улсын валютын нөөц өсөн нэмэгдэх нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах, гадаад сектороос эдийн засагч ирэх аливаа эрсдэл, дарамтаас хамгаалах, бууруулах, гадаад өр төлбөрийн болон импортын төлбөрийн баталгааг хангах чухал үр нөлөөтэй. Улмаар гаднын хөрөнгө оруулалт нэмэгдэх, дотоодын ААН болон банкнуудын шинээр валютын эх үүсвэр татах өртөг болон өрийн үйлчилгээний зардлыг бууруулах зэргээр эдийн засагт бодитой өсөлт бий болгодог.
Эх сурвалж: Монгол Банк






