
Монголчууд толгой, шийр, хонины сүүлийг маш их хэрэглэдэг. Энэ нь хүний биеийн юунд сайн бэ гэдгийг Манба Дацан нэгдсэн эмнэлгийн амбулаторийн эрхлэгч, Анагаах ухааны магистр Ж.Гончигдоржоос тодрууллаа.
Тэрбээр “Хонины толгой шийр бол тухайн хүний бадган хийн гүйдлийг тэгшитгэх үндсэн нөлөөтэй. Ер нь бол хонины мах бүлээн чадалтай учраас ядаргаанд орсон хүмүүс зонхилон хэрэглэх хүнсний бүтээгдэхүүн болдог. Манай Манба Дацан нэгдсэн эмнэлэгт хонины толгойг гүзээнд нь чанаад, таван цул, зургаан сав эрхтэнд нь сайн эмийн түүхий эдүүдийг хийж, битүү чанасан толгойгоор утах эмчилгээ хийдэг. Энэ эмчилгээг нойргүйдэлтэй хүмүүс их хийлгэдэг. Толгой дүүрч өвдөх, нүд бүрэлзэх, чих шуугих тэргүүтэй бадган хийн шалтгаантай өвчнүүдэд өндөр үр нөлөөтэй эмчилгээ.
Манай орон хүйтэн сэрүүний уур амьсгал давамгай учраас хүн ам зүйд хийн өвчин ер нь бол зонхилон илэрдэг. Хонины сүүлийг хайлуулаад гадна талаас нь үе мөчөө тослоход хийн шалтгаантай өвдөж байсан үений өвдөлт багасдаг. Хоол, цайндаа хэрэглэвэл тархины үйл ажиллагааг дэмждэг.
Мөн монголчууд хонины шийр, үхрийн шийр тэргүүтнийг буцалгаад стүжин хийж хүнсэндээ хэрэглэдэг. Стүжин коллагенаар баялаг учраас үе мөчний шингэнийг маш сайн нөхдөг. Үе мөчний нэмэлт тэжээл, үений шингэнийг нөхөх бүтээгдэхүүнүүдийн хажууд 100% байгалийн экологийн цэвэр бүтээгдэхүүн” гэв.
Г.ХОНГОР






