
Монгол Улс 1990 оны Ардчилсан хувьсгалaaр Монгол Улсын Үндсэн хуульд хүний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хуульчилж “Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль” 1993 оны 11 сарын 11-ны өдөр батлагдсан. Үүнээс хойш даруй 33 жил өнгөрсөн ч өнөөг хүртэл тодорхой өөрчлөлт ороогүй хэвээр байна.
Манай сурвалжлах баг Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг Мүүн болон Шинэ тэнгэр газар шашны гаж урсгалын талаар цуврал нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэсэн.
Энэ хугацаанд гарч буй хамгийн том асуудал нь өөрчлөлт орж зохицуулалт хийгдээгүй Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль юм.
Аливаа шашин сайн сайхан зүйлд хүргэх учиртай. Гэтэл санхүүгийн эх үүсвэрээ хангахын тулд олон иргэдийн тархийг угаах замаар итгэлийг нь олж яваа шашны гаж урсгалууд манай улсад жил дараалан орж ирсээр байна !!!
Шашны гаж урсгал гэж юу вэ?
Шашны гаж урсгал нь “ШАШИН” гэх нэрийн дор хүний эрх чөлөө, оюун санааг хяналтдаа оруулж, амьдралд нь гэм хор учруулдаг бүтэцтэй бүлэглэл юм.
Тэдний гол шинж тэмдэг нь:
- Нэг хүн эсвэл давхар удирдагчийг “аврагч”, “онцгой эрх мэдэлтэй” гэж өргөмжлөх
- Гишүүдийн бодол, сэтгэлзүй, мэдээлэл авах орчныг хянах
- Бусад шашин, нийгмийн байгууллагыг дайсагнан үгүйсгэх
- Гэр бүл, найз нөхөд, ажил амьдралаас нь алгуур тусгаарлах
- Жирийн иргэдийг худал амлалт, айдас түгшүүрээр элсүүлэх
- Мөнгө, цаг хугацаа, хөдөлмөрийг нь зохисгүйгээр татан төвлөрүүлэх
- Сургааль, номлол нь бодит баримт, уламжлалт шашны тайлбаруудаас эрс зөрөх гэх мэт.
Шашны гаж урсгалын нөлөөгөөр хүний амь нас эрсдэв
Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 1.3.1-т “Аливаа шашныг шүтэх буюу эс шүтэх нь тухайн хүний итгэл үнэмшлийн хэрэг байна” 1.3.2-т “Иргэнийг шашин шүтэх, эс шүтэхэд албадах, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” 1.3.3-т “Иргэний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг гагцхүү бусад иргэний мөнхүү эрх чөлөө, эрүүл мэнд, ёс суртахуун болон үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг тогтон зохицуулж байгаа Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээр зохицуулан хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг.
Гэтэл шашны гаж урсгалын итгэгчид өөрийн гэр бүлийнхэндээ болон эргэн тойрныхоо хүмүүст өөрийн шашинд элсэхийг шаардаж, өдөр шөнөгүй ярьсаар бусдынхаа эрхэнд ч халдах үзэгдэл нийтлэг гарах болж.
Үүний нэгэн жишээ нь 2025.11.04-ны өдөр монгол дахь шашны гаж урсгал болох Шинэ тэнгэр газар урсгалын Монгол сувд сүмд явдаг ээж нь цуглаан дээрээ нас барсан тохиолдол гарч хүүхдүүд нь хэвлэлийн бага хурал хийсэн явдал юм.
Тус хэвлэлийн бага хурлын үеэр хүүхдүүд нь:
“Манай ээж 2024 оны нэгдүгээр сараас энэ байгууллагад явж эхэлсэн. Би зөвхөн өөрт тохиолдсон зүйлээ хуваалцаж байна. Эхэндээ ээж “сэтгэлзүйн сургалтад явж байна” гэж ярьдаг байсан. Настай хүн учраас бид зөвшөөрсөн.
Бид “танайх сүм үү?” гэхэд “үгүй, манайх сүм биш” гэж хэлдэг байсан. “Танайх Есүсийн сүм үү?” гэхэд “биш” гэж хариулсан. “Зүгээр сургалтын төв, нийгэмд сайн үйл хийдэг газар” гэж тайлбарладаг байв.
Тэд “сэтгэлзүйн сургалт, хэл заслын, хувь хүний хөгжлийн сургалт явуулдаг” гэсэн. Би “зүгээр юм байна, та яваад үз” гээд явуулсан. Эхний саруудад намайг хамруулах гэж их шахсан. Би нэг удаа очиж суусан.
Би өмнө нь энэ сүмд 2–3 жил явж байсан, одоо бол ордоггүй гэдгээ хэлсэн. Харин дараа нь ээж намайг хүчтэй шахаж эхэлсэн. “Чи айлын том, заавал явах ёстой, чи явж байж дүү нар чинь явна” гэж шаарддаг болсон.
Сүүлийн нэг жилд байдал улам хүндэрсэн. Ээж өмнө нь уурладаггүй, худлаа ярьдаггүй байсан ч худлаа ярьж, өөрчлөгдөж эхэлсэн. Би “Та яагаад ингэж бурхны хүн байж байж худлаа яриад байгаа гэхээр “манай бурхан хүний сүнсийг аврахын тулд худлаа ярьж, бүр зодоод ч болтугай авчирч болно” гэж заадаг байсан. Сүм, шашны байгууллага ийм сэтгэлзүйг хүнд суулгаж болох уу? Болохгүй, тийм үү?
Сүүлдээ ээжийн зан ааш бүр өөрчлөгдөж, би ээжтэйгээ үр хүүхэд шиг байхаа больсон. Ээж маань миний эсрэг хандаж, “Чи Сатаны сүнстэй, тиймээс энд ирэхгүй байна” гэх болж, “Сатаны сүнстэй шээснүүд” гэх мэтээр хараадаг болсон. “Та нарыг аврах гэж байна, та нар аврагдмаар байна уу, би мөнх насална, би бурханд биеэ өгсөн” гэх мэтээр ярьдаг болсон” гэж ярьсан байдаг.
Шашны гаж урсгал гэр бүлийн харилцааг үгүй хийх болсон
Үүний араас Өрөг.мн сайт үнэхээр тус сүмийн итгэгч ийнхүү ярьдаг эсэхийг тодруулахаар ээж нь “Шинэ тэнгэр газар” шашны “Монгол сувд” сүмд 10 жил явсан эмэгтэйг утсаар ярихыг гуйхад:
Ээж: Би чамд хэлсэн шүү дээ, чөтгөр байгаа газар хүн үхнэ ээ, манайх чөтгөрийг байхгүй болгох гээд байна.
Охин: Та нар чинь Есүсээ биш тэр нэг Солонгос өвгөний Библийг худлаа тайлбарласан сургаалыг л шүтээд байдаг юм биш үү?
Ээж: 6000 жил худлаа тайлбарласан хүмүүсийн юмыг бид нар зөв болгоод дэлхий даяараа манайхыг шуураад ороод ирж байна. Яагаад монголчууд болохгүй байгаа юм. Яагаад та нар болохгүй байгаа юм ядаж.
Охин: Ээж та анхнаасаа л 144 мянган хүн бүрдчих юм бол бурхан бууна аа л гээд байсан. Одоо хэдэн 144 мянган хүн болоод бүрдчихлээ шүү дээ. Бүүр илүү гарчихлаа. Яагаад бурхан чинь бууж ирэхгүй байгаа юм?
Ээж: Бүрдэхгүй байна шүү дээ.
Охин: Бүрдчихсэн ээж ээ.
Ээж: Тэгээд яах юм, 144 мянган хүн бүрдчихээд бусдыгаа хаячих юм уу айн? гэх яриа болж өрнөв.
Шашны талаар мэдлэггүй хүмүүс шашны зөвшөөрөл олгож байна
Шашны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 2.3.5-т “Төрөөс сүм хийдтэй харилцах харилцааг зохион байгуулж хэрэгжүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газар, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга тус тус эрхлэн гүйцэтгэнэ” гэж заасны дагуу олгодог.


Шашин судлаач С.Дэмбэрэл:
Шашны нийгэмд гүйцэтгэх үүргийн нэг нь хүмүүсийг итгэл үнэмшил, сүсэг бишрэлээр нь нэгтгэж нийгмийг цул болгох, бэхжүүлэх явдал юм. Нөгөө талаар шашин заримдаа нийгмийг итгэл үнэмшлээр нь олон бүлэгт хувааж задалдаг.
Манай улс гурван сая хүн амтай. Гэтэл энэ олон шашны урсгал, үзэл номлол, баримтлалаас үүдэн хүмүүсийн дунд үл ойлголцол үүсэж, талцах байдал ажиглагдах боллоо.
Гадаадын зарим улс оронд үйл ажиллагааг нь хориглосон шашны байгууллагууд монголд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулж байна.
Үүнийг төрөөс зохицуулахын тулд хот, аймаг, сум, дүүргийн төр, захиргааны байгууллагуудад шашин судлаачдыг авч ажиллуулах хэрэгтэй.
Төрөөс шашны талаар хэрэгжүүлж байгаа бодлогыг зохицуулахад мэргэжлийн хүн зайлшгүй шаардлагатай.
Нийслэл, аймаг, сум, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн шашны байгууллагад зөвшөөрөл өгдөг шашны асуудал хариуцсан ажилтан нь шашин судлалын мэргэжилтэй хүн байх ёстой.
Шашны байгууллагад зөвшөөрөл олгохдоо тухайн шашны нийгэмд үзүүлэх нөлөө, хүмүүсийг гэр бүл, нийгмээс нь холдуулдаг эсэх, нийгмийн амьдралд идэвхгүй болгодог эсэх, ямар шашны номлол сургаалыг баримталж үйл ажиллагаа явуулах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн эв нэгдэлд аюул учруулах эсэх, гаднын улс оронд хориглогдсон эсэх, тухайн шашны номлогч нь гэмт хэрэгт холбогдож байсан эсэх, Монгол Улсын хууль ёс, төр, сүм хийдийн харилцааны хуулийг хэрхэн дагаж мөрдөж байгаа, монголын түүх соёл, уламжлалд хэрхэн хүндэтгэлтэй хандаж байгаа зэрэг шалгуур тавьж байж үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох нь зүйтэй болов уу. Төрөөс ийм хяналт тавьж чадсанаар гаднаас шашны элдэв гаж урсгал орж ирэхээс сэргийлэх боломжтой.
Шашны гаж урсгал тухайн улсын түүх, соёлыг гуйвуулан тайлбарладаг


Монголын Эвангелийн эвсэлээс гаргасан товхимолд дурдсанаар Монголд Мүүн, Ан Санхуны гэрчлэлийн нийгэмлэг (Ээж бурхан), Ёховагийн гэрч нар гэх мэт арав гаруй шашны гаж урсгал үйл ажиллагаа явуулж байна.
Шашны нэр барьсан гаж урсгалын номлогч, пасторууд монгол хэл сайн мэдэхгүй, монголын түүх соёл, уламжлал, зан үйл, нүүдлийн соёлтой холбоотой монголчуудын байгаль дэлхийгээ хайрлах, уул овоогоо тахих, мал маллах зан үйлүүдийг балар эртний мухар сүсэг гэж монгол соёл уламжлал руу дайрах, буруугаар мушгин гуйвуулж тайлбарлах явдал гардаг байна.
Гаднаас орж ирж байгаа шашны гаж урсгалын номлогч нар монгол түүх соёл, уламжлал, ёс заншлыг судалж, түүнд хүндэтгэлтэй хандан, улсын хууль, дүрэмд захирагдан үйл ажиллагаа явуулах нь зохистой болов уу.
Энэ тал дээр төрийн байгууллагын эрх мэдэл бүхий хүмүүс анхаарлаа хандуулж, арга хэмжээ авч, зохицуулах нэн шаардлагатай байна.








