
Соёлын төв өргөө /СТӨ/-г нурааж байгаад 50 давхар барилга барина гэх мэдээлэл Ulaanbaatar.mn сайт дээр нийтлэгдэж, эл асуудал сошиал орчинд өндрийг авсан даруйдаа устгагдсан юм. Зөвлөлтийн тусламжаар 1988 оны 12-р сарын 29-ний өдөр баригдсан эл барилга 15000 ам. дөр. метр талбайтай. Цогцолбор нь 1325, 280, 150 хүний суудалтай хурал, концерт, кино, лекцийн танхим, номын сан, музей, үзэсгэлэнгийн танхим, 12 давхар захиргааны барилга зэргээс бүрддэг.
Бид СТӨ нураах эсэх асуудал үнэн эсэхийг Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайгаас тодрууллаа.
Тэрбээр “СТӨ-нд олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Цахилгаан шат нь эвдэрдэг, дээврээс нь ус гоождог зэрэг ашиглалтын асуудлуудад тэдгээр байгууллага гомдол олон гаргадаг. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга СТӨ-г хүчитгэх үү, яаж сайжруулах вэ гэдэг чиглэл өгсөн. Түүнээс биш СТӨ-г буулгах талаар огт дурдаагүй, тийм захирамж ч гараагүй. СТӨ-г буулгалаа гэхэд тухайн байршлын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан өндөршил зэргийг тооцож, барилга барина. Хот аливаа нэг барилгыг буулгана гээд буулгадаг юм биш ээ. Эхлээд судалж, дараа нь үнэлгээ хийлгэж, Барилга хөгжлийн төв гээд мэргэжлийн байгууллагатай зөвшилцөж, үнэлгээ гаргаж хийнэ. СТӨ-г буулгах, зураг төсөл гаргах төсөв энэ онд огт суугаагүй. Дахин хэлье, бид зөвхөн судалж, мэргэжлийн байгууллагад хандана” гэв.






