
243 кг жинтэй хөх туна загас 3.2 сая ам.доллароор зарагдаж, рекорд тогтоожээ
Өнгөрсөн даваа гарагийн өглөө Токио хотын Тоёосү загасны зах дээр болсон шинэ оны анхны дуудлага худалдаагаар 243 кг жинтэй хөх туна загас 510.3 сая иен буюу 3.2 сая ам.долларын үнэд хүрчээ.
Дуудлага худалдааны эцсийн үнийг Японы Sushi Zanmai сүлжээ зоогийн газруудыг эзэмшдэг Киёомүра корпорац дуудаж, хөх туна загасыг худалдан авчээ. Тус корпорацын ерөнхийлөгч, Tuna King хочоороо алдартай Киёоши Кимүра оны эхний туна загасыг арай хямд үнээр авна гэж төсөөлж байсан талаараа AFP агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
Япончууд шинэ оны эхний туна загас аз авчирдаг хэмээн бэлгэддэг байна. Киёоши Кимүра 2012 оны анхны туна загасыг 56.5 сая иенээр, 2013 онд 155 сая иен, 2019 онд 333.6 сая иенээр худалдан авч түүхэн рекорд тогтоож байжээ. Өнгөрсөн оны анхны дуудлага худалдаагаар зарагдсан хөх туна загасыг Японы Onodera Group компани 207 сая иенээр худалдан авсан юм.
Тоёосү загасны зах дээр өглөө эрт болдог загасны дуудлага худалдаа нь жуулчдын очих дуртай газруудын нэг болсон ба өнгөрсөн даваа гарагийн дуудлага худалдаа үүрээр 05:00 цагт эхэлжээ. Дуудлага худалдаа дууссаны дараа Киёоши Кимүрагийн сүлжээ зоогийн газруудын үйлчлүүлэгчид шинэ ондоо азтай байхыг бэлгэдэн, 3.2 сая ам.долларын үнэтэй хөх туна загаснаас амсаж үзсэн байна.






