
Н.Мадуро өөрийгөө гэм буруугүй хэмээн шүүхэд мэдүүлэв
Өнгөрсөн бямба гарагийн шөнө Америкийн зэвсэгт хүчний тусгай ажиллагааны үеэр баривчлагдсан Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний гэргий Силия Флорес нар даваа гарагт Нью Йоркийн Манхеттэны Холбооны шүүхийн өмнө өөрсдийгөө гэм буруугүй хэмээн мэдүүлжээ.
Н.Мадуро, түүний гэргий Силия Флорес нарыг Бруклин дахь цагдан хорих төвөөс нисдэг тэргээр Манхеттэны Холбооны шүүхийн байр луу тээвэрлэсэн ба шүүх хурал орон нутгийн цагаар үд дүнд эхэлсэн байна.
Цагдан хорих төвд хоригдож буй хоригдлуудын өмсдөг улбар шар, бейж өнгийн хослол өмсөж, хөлөө дөнгөлүүлсэн Н.Мадуро шүүх танхимд болж буй бүх ярианы синхрон орчуулгыг чихэвчээр сонсож, шүүгчийн асуултад испани хэлээр хариулж байжээ.
Прокурорууд Н.Мадурог 2000 онд Венесуэлийн Үндэсний Ассамблейн гишүүнээр сонгогдсоноосоо хойш хар тамхины наймаатай холбогдсон болохыг онцолж, түүнийг хар тамхины терроризм, кокаины импорт, автомат буу болон тэсэрч дэлбэрэх төхөөрөмж хадгалсан зэрэг хэрэгт буруутгаж байгаа аж.
Шүүгч Алвин Хеллерстейн хэргийг танилцуулж, шүүгдэгчид болох Н.Мадуро болон түүний эхнэрт эрх, үүргийг нь хэлж өгсний дараа Н.Мадуро орчуулагчаар дамжуулан, “Би гэм буруугүй. Би ямар ч буруу хэрэг хийгээгүй. Би бол төлөв түвшин хүн. Би Венесуэл улсын Ерөнхийлөгч хэвээр байгаа.” хэмээн мэдэгджээ.
Н.Мадурогийн өмгөөлөгч Барри Поллакийн хэлснээр түүний үйлчлүүлэгчийг цэргүүд хулгайлсан явдалтай холбоотойгоор цаашид өргөн хүрээ хамарсан, хүнд хэцүү шүүх хурлууд болох бол Силия Флоресын өмгөөлөгч Марк Доннелли үйлчлүүлэгч нь тусгай ангийн цэргүүдэд баривчлуулах үедээ гэмтсэн болохыг онцолж, үйлчлүүлэгчид нь рентген зураг авхуулж, үзлэг шинжилгээнд хамрагдах боломжийг олгохыг шаарджээ.
Н.Мадуро болон түүний гэргийн дараагийн шүүх хуралдаан ирэх 3-р сарын 17-нд товлогдсон байна.
Нөгөө талд Венесуэлийн нийслэл Каракас хотод Дэд ерөнхийлөгч Делси Родригезийг албан ёсоор тус улсын Ерөнхийлөгчөөр түр хугацаагаар томилжээ.
Н.Мадуро АНУ-ын зүгээс түүнийг буруутгаж буй хэргүүд нь Венесуэлийн газрын тосны ордуудыг хяналтдаа авах гэсэн империалистуудын бодлогын халхавч хэмээн удаа дараа мэдэгдэж байсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын зүгээс Венесуэлд явуулсан цэргийн тусгай ажиллагааны дараа Америкийн газрын тосны компаниуд Венесуэлийн газрын тосны салбарыг сэргээх болно хэмээн мэдэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Америкийн газрын тосны компаниудын хувьцааны үнэ даваа гарагт огцом өссөн байна.






