
Дуучин Э.Хосбаярын “Мөрөөдсөн учрал” уран бүтээл мэндэллээ
XOSS Entertainment-ийг үүсгэн байгуулагч, дуучин Э.Хосбаярын “Мөрөөдсөн учрал” нэртэй хайрын сэдэвт уран бүтээл үзэгч, сонсогчдын хүртээл болоод удаагүй байгаа. Тус дууны үгийг “Болор цом”-ын эзэн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Минжинсайхан бичиж, аялгууг дуучин Э.Хосбаяр болон Tsatsa’s sound studio-г үүсгэн байгуулагч Б.Цацрал нар зохиосон байна.
Дууны клипний зураг авалт, эвлүүлэг зэрэгт Column pictures-ийн залуус ажилласан бөгөөд клипний гол дүрд жүжигчин Ц.Буянхишиг /Buluxor/ оролцон, хамтран бүтээжээ. Дууны агуулгын хувьд сайхан хайр хэзээ ч үгүй болдоггүй, хайрыг дуулж, хайрлах тусам илүү нандин хэвээр байдаг талаар өгүүлэх гэнэ. Ийнхүү дуучин Э.Хосбаяр, яруу найрагч Н.Минжинсайхан нар анхны хамтралаараа шинэхэн хайрын дууг бүтээсэн нь энэ юм.
Мөн дуучин Э.Хосбаярын хувьд эрчүүдийн нөхөрлөлийн үнэ цэнийг өнөө цагийн алдарт уран бүтээлчдийн бодит нөхөрлөлөөс сэдэвлэн өгүүлсэн “Найзууд үлдэнэ” нэртэй уран бүтээлээ олны хүртээлд хүргэсэн юм. Тэгвэл удаах уран бүтээл нь “Мөрөөдсөн учрал” нэртэй хайрын дуугаар үргэлжилж байна.






