
Үе үеийн Ерөнхий сайд нар болон улс төрчид “Татвар, нийгмийн даатгалын хуулиудыг эргэж харна” гэдэг. Үүнд нь олон нийт итгэж хүлээсээр өнөөдөр монголчууд татварын дарамтад бүрэн орсон.
Аж ахуйн нэгжүүд өндөр татвараа төлөхийн тулд бараа, үйлчилгээнийхээ үнийг нэмснээр тэр нь иргэдийн шууд худалдан авалтад нөлөөлөөд удаж байна.
Эрх баригчид, Засгийн газар татварыг бууруулна гэсэн амлалт өгөн гарч ирдэг. Өнгөрсөн удаагийн Улсын Их Хурлын сонгуулиар ч гэсэн нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийн гол үзэл санаа нь ч татварт чиглэсэн байсан. Харин 2025 оны төгсгөлд улсын төсөв нь 2.2 их наядаар тасрах үед Засгийн газар хамгийн түрүүнд ААН-үүдийг дарамтлах аргыг сонгон, татварын өрөө төлөхийг шахах, төлөөгүй удсан компаниудын дансыг хаах үйлдэл байсан.
Үүнээс үүдэн олон шүүмжлэлд өртсөн Засгийн газар Татварын багц хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж, данс хаадаг, дарамт болдог татваруудыг хөнгөлөх гэх мэт өөрчлөлтүүдийг оруулах гэж байна.
Татварын багц хууль гэдэг нь
- ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
- AЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
- ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
- НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ гэсэн 4 хууль багтаж байна.
Тэгвэл эдгээр хуулиудад орж байгаа гол өөрчлөлт нь юу вэ?
-Татварын багц хуулийн үр дүнд иргэн, аж ахуй нэгжүүдийн татварын ачаалал 2.6 их наядаар бууруулна
-Хариуцлагатай татвар төлөгчдийг дэмждэг, урамшуулдаг тогтолцоог бүрдүүлж, гааль, татварын байгууллага зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ
-Иргэдийн сарын худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч НӨАТ-ыг 20-100 хувиар хөнгөлж буцаан олгоно.
- 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 100%
- 1 сая төгрөг хүртэлх худалдан авалтыг 50%
- 1 сая төгрөгөөс давсан хэсэгт 20%
-Татварын өртэй байгууллагын банкин дахь дансны 20 хувийг битүүмжлэхгүй үлдээж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.
-Улаанбаатараас орон нутагт шилжин суух иргэдэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт үзүүлнэ.
-Хөдөлмөр эрхэлж буй бүх иргэдийн орлогын тодорхой хувийг ХХОАТ-аас хөнгөлнө.
-ААН-үүдийн 25 хувиар татвар төлөх босгыг 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, 6-10 тэрбум төгрөгийн ашгийн татварыг 15 хувь болгон бууруулна.
-Тайлан залруулах хугацааг 2 хүртэлх жил болгон сунгана.
-Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн 90 хувийн татварын буцаалт эдлэх босго дүнг 2.5 тэрбум төгрөг болгож
- эхний 3 жилд 90 хувь,
- дараагийн 3 жилд 50 хувиар хөнгөлнө
-Орлого нь 400 сая төгрөгөөс бага татвар төлөгч нь НӨАТ-ын хялбаршуулсан горимоор татвараа улирлаар төлөх боломжтой болно.
-Баримтгүй худалдан авалтыг бэлэн бусаар хийсэн тохиолдолд үнийн дүнд НӨАТ шингэсэн гэж үзэн, хасагдуулна.
-Гааль дээр НӨАТ авахгүй, 2 сар хүртэл хугацаагаар хойшлуулна.






