
Д.Трамп Делси Родригезийг АНУ-тай хамтран ажиллахгүй бол өндөр төлөөс төлөх болно хэмээн анхааруулжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэлийн ерөнхийлөгчөөр түр хугацаанд томилогдоод буй Делси Родригезт АНУ-тай хамтран ажиллахаас татгалзвал Николас Мадурогоос ч өндөр төлөөс төлөх болно хэмээн анхааруулсан талаараа The Atlantic сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Өмнө нь The New York Post сонинд өгсөн ярилцлагадаа Д.Трамп Делси Родригез АНУ-ын зүгээс тавьсан шаардлагыг биелүүлээд явбал Венесуэлд Америкийн цэргүүдийг оруулах шаардлага гарахгүй хэмээн мэдэгдсэн билээ.
Өнгөрсөн бямба гарагт АНУ Венесуэлийн нийслэл Каракас хотод цэргийн тусгай ажиллагаа явуулж, тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурог гэргий Силия Флоресын хамт баривчилсан билээ. Үүнтэй холбоотойгоор Венесуэлийн Дээд шүүх Дэд ерөнхийлөгч Делси Родригезийг түр хугацаагаар Ерөнхийлөгчөөр томилох шийдвэр гаргасан юм. Венесуэлд явуулсан цэргийн тусгай ажиллагааны дараа хийсэн хэвлэлийн бага хурлаар Ерөнхийлөгч Д.Трамп Венесуэлийн төрийн эрх мэдлийг аюулгүй, тайван бөгөөд зохих ёсоор шилжүүлэх хүртэл түүний засаг захиргаа Венесуэл улсыг удирдана хэмээн мэдэгдсэн юм.
Тэрээр Делси Родригез АНУ-тай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн тухай дурдсан ч удалгүй Венесуэлийн Ерөнхийлөгчөөр томилогдсон Д.Родригез АНУ-ын түрэмгийллийг буруушааж, Н.Мадуро нь Венесуэлийн цорын ганц, хууль ёсны Ерөнхийлөгч хэмээн мэдэгдсэн билээ.






