
Өнөө өглөө Хойд Солонгос баллистик пуужингууд хөөргөсөн талаар БНСУ-ын зэвсэгт хүчнээс мэдээлжээ. Пуужингуудыг нийслэл Пхеньян орчмоос орон нутгийн цагаар өглөөний 07:50 цагт хөөргөсөн ба пуужингууд 900 км орчим замыг туулан далайд унасан байна.
Үүнтэй холбоотойгоор БНСУ-ын Аюулгүй байдлын зөвлөл шуурхай хурал зарлаж, Пхеньян энэхүү үйлдлээрээ НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолуудыг ноцтой зөрчсөн болохыг онцолжээ.
Японы Батлан хамгаалахын яам Хойд Солонгосын зүгээс баллистик пуужингууд хөөргөснийг тогтоож, пуужингуудын хоёр нь 50 км өндөрт хөөрч, 900 км ба 950 км замыг туулсан талаар мэдэгдэж, тус яамны сайд Шинжиро Коизүми Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөр Япон улсын төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж байгааг онцолжээ.
Пхеньян хамгийн сүүлд 11-р сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНСУ-д цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц барихыг зөвшөөрсний дараа баллистик пуужингийн туршилт явуулсан билээ.
Тэгвэл Пхеньян энэ удаагийнхаа туршилтыг АНУ-ын зэвсэгт хүчний Венесуэл улсын нийслэл Каракас хотод явуулсан тусгай ажиллагааны дараа, БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мёны БНХАУ-д хийх айлчлалын өмнөхөн хийжээ.
Түүнээс гадна Хойд Солонгосын эрх баригч Хөдөлмөрчдийн нам энэ оны эхээр их хурлаа хийж, ирэх 5 жилийн төлөвлөгөөгөө гаргах гэж буйтай холбоотойгоор Ким Жон Ун Хойд Солонгосын зэр зэвсгийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийг үүрэг болгоод байгаа билээ.
Пхеньян цөмийн болон пуужингийн хөтөлбөр нь АНУ-ын халдлагаас хамгаалах зорилготой гэж олон арван жилийн турш тайлбарлаж ирсэн билээ.
Олон улсын ажиглагчдын үзэж байгаагаар БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Бээжинд хийх айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын эрх баригчдаас хоёр Солонгосын харилцааг сайжруулахад туслахыг хүсэх аж.

Эх сурвалж: The Guardian






