
Венесуэлийн удирдагч агсан Уго Чавезийн залгамжлагч 63 настай Николас Мадурог сөрөг хүчний улстөрчдийг төмөр торны цаана хорьдог, сонгуулийн үр дүнг луйварддаг дарангуйлагч хэмээн тодорхойлох нь элбэг. 2024 оны Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг олон улсын ажиглагчид болон венесуэлийн сөрөг хүчнийхэн хууль бус хэмээн тодорхойлж, олон мянган иргэд сонгуулийн үр дүнг эсэргүүцэн гудамжнаа гарч жагссаныг үл харгалзан Н.Мадуро 2025 оны 1-р сард Венесуэлийн Ерөнхийлөгчөөр 3 дахиа томилогдсон билээ.
Түүнийг 2018 оны сонгуулийн үр дүнг ч мөн луйвардсан гэж АНУ болон барууны орнууд үздэг юм.
Сүүлийн хэдэн сар АНУ Карибын өмнөд бүс нутаг дахь зэвсэгт хүчнийхээ хүчин чадлыг нэмэгдүүлж, Венесуэлд үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлсэн юм. Ингэхдээ хар тамхины наймаатай холбоотой гэх үндэслэлээр Номхон далай болон Карибын тэнгист зорчиж явсан Венесуэлийн усан онгоцнуудад 20 гаруй удаагийн цохилт үзүүлсэн юм.
2017 онд Н.Мадурогийн засгийн газрын эсрэг жагсаал цуглааны үеэр 125 хүн, 2019 онд Н.Мадурогийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын дараа болсон жагсаал цуглааны үеэр мөн л олон арван иргэн амиа алдсан юм. 2024 оны сонгуулийн дараа Н.Мадурогийн засгийн газар иргэдийн тайван жагсаалыг хүч хэрэглэн тараах явцдаа 20 гаруй хүний аминд хүрч, 2400 хүнийг баривчилжээ.
НҮБ Венесуэлийн Боливарын Үндэсний гварди нь сүүлийн 10 гаруй жил Н.Мадурогийн дэглэмийг эсэргүүцсэн улстөрчдийн эсрэг хүний эрхийн ноцтой зөрчлүүд болон гэмт хэргүүдийг үйлдсэн болохыг тогтоогоод байгаа юм. Венесуэлийн төрийн тэргүүн эрх мэдлээ ашиглан улс төрийн болон хүний эрхийн зөрчлүүд гаргаснаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, улсынх нь эсрэг тогтоосон хориг арга хэмжээнүүдийг Венесуэл улсыг унагах гэсэн эдийн засгийн дайн хэмээн тодорхойлсон бол дэмжигчид нь түүнийг Фидель Кастротой зүйрлэн Вашингтоны эсрэг эр зоригтойгоор зогссон баатар хэмээн тунхаглажээ.
Өнөөдөр Венесуэлийн нийт хүн амын 82 орчим хувь нь ядуу, 53 хувь нь нэн ядуу амьдарч байгаа ба Н.Мадуро Венесуэлийн төрийн тэргүүнээр ажилласан хугацаанд тус улсаас 7.7 сая хүн дүрвэжээ.
1962 оны 11-р сарын 23-нд үйлдвэрчний эвлэлийн тэргүүний гэр бүлд мэндэлсэн Н.Мадуро Уго Чавез автобусны жолоочоор ажилладаг байжээ. Тэрээр У.Чавезыг дэмжигчдийн эгнээнд нэгдэж, 1998 онд Уго Чавез ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсны дараа парламентын гишүүн болсноор улс төрийн карьераа эхлүүлж, Венесуэлийн Үндэсний ассамблейн ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайдын албан тушаалыг хашжээ.
2013 онд Уго Чавез хавдрын улмаас нас барсны дараа Н.Мадуро ерөнхийлөгчийн сонгуульд маш бага зөрүүгээр ялалт байгуулж, түүнээс хойш Венесуэлийн төрийн эрхийг тасралтгүй атгажээ.
Түүний гэргий Силия Флорес нь Ерөнхий прокурор, парламентын дарга зэрэг өндөр албан тушаалуудыг хашиж байсан туршлагатай ба нөхрөөсөө дутахгүй нэр нөлөөтэй нэгэн гэгддэг аж.
Латин Америкийн удирдагчдын хувьд Н.Мадурог америкчууд баривчилсан явдалд нэг хэсэг нь сайшаалтай, нөгөө нь шүүмжлэлтэй хандаж байна.
Эдийн засгийн нөхцөл байдлаас болж Венесуэлээс дүрвэсэн 8 сая орчим иргэдийн дийлэнх нь хөрш орнууд болон Карибын тэнгисийн орнууд руу цагаачилж, үүнтэй холбоотойгоор Латин Америкийн орнуудад сүүлийн жилүүдэд зохион байгуулалттай гэмт хэргийн тоо огцом нэмэгджээ.
Колумбын Ерөнхийлөгч Густав Петро Венесуэл болон Латин Америкийн тусгаар тогтнолын эсрэг АНУ-ын түрэмгийллийг буруушааж буйгаа илэрхийлэн, НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийг шуурхай хуралдахыг шаарджээ.
Бразилын Ерөнхийлөгч Луиз Инасио Лула да Сильва Колумбын төрийн тэргүүнтэй санал нэг байгаагаа илэрхийлж, Венесуэлийн нутаг дэвсгэрт цохилт үзүүлж, Ерөнхийлөгчийг нь баривчилсныг байж боломгүй явдал гэжээ.
Цагаачлал болон гэмт хэрэгтэй тэмцэх амлалтаараа Чилийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Хосе Антонио Каст Н.Мадурог баривчилсан нь бүс нутгийн хувьд сайхан мэдээ гэсэн бол Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум АНУ-ын эргийн тусгай ажиллагааг буруушаажээ.
Д.Трампын Латин Америк дахь ойрын түнш Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей Н.Мадурог олон жилийн турш шүүмжилж ирсэн билээ. Тиймээс ч түүний нийгмийн сүлжээ Вашингтоны тусгай ажиллагааг сайшаасан постуудаар дүүрчээ. Харин Эквадорын Ерөнхийлөгч Даниэл Нобоа Н.Мадуро болон Уго Чавезын дэглэмийг эсэргүүцсэн иргэдийг Эквадор улс дэмжинэ гэдгийг мэдэгджээ.

Эх сурвалж: Ruters






