
АНУ-ын зэвсэгт хүчний тусгай ажиллагааны үеэр баригдсан Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро, түүний гэргий Силия Флорес нарыг тээвэрлэж буй онгоц Нью Йорк хотын Стюарт Агаарын Үндэсний Гвардийн баазад газарджээ.
NBC сувгийн мэдээлснээр түүнийг нисдэг тэргээр Нью Йорк хотын Бруклин дахь цагдан хорих төвд хүргэх ба Н.Мадуро ирэх даваа гарагийн орой гэхэд Манхеттэны шүүхэд дуудагдах аж.
1-р сарын 2-ноос 3-нд шилжих шөнө АНУ Венесуэлийн нийслэл Каракас хотод агаараас цохилт үзүүлж, Америкийн зэвсэгт хүчний тусгай анги тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурог, гэргийн хамт баривчлан, АНУ руу илгээх ажиллагааг гүйцэтгэжээ.
АНУ-ын зэвсэгт хүчин Каракас хотод агаараас цохилт үзүүлж эхэлснээс хойш 4 цагийн дараа Ерөнхийлөгч Доналд Трамп нийгмийн сүлжээндээ АНУ Н.Мадурог баривчилсан болохыг мэдэгдэж, Венесуэлийн Ерөнхийлөгчийн АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцон дотор байгаа гэрэл зургийг нийтэлжээ.
Флорида дахь Мар-а-Лаго эдлэнд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ шударга ёсыг тогтоож, Николас Мадурог гэргийн хамт барьж чадсан хэмээн мэдэгджээ. Түүний хэлснээр Н.Мадуро АНУ-ын ард иргэдийн эсрэг хар тамхины терроризм үйлдсэн хэргээр Америкийн хууль шүүхийн өмнө зогсох аж.
Тэрээр, “Н.Мадуро одоо Венесуэлийн Ерөнхийлөгч биш болсон. Венесуэлийн төрийн эрхийг аюулгүй бөгөөд шударга, ухаалаг байдлаар шилжүүлэх хүртэл АНУ Венесуэл улсыг удирдах болно. Венесуэлийн ард иргэдийг боддоггүй хүнд эрх мэдэл өгч, эрсдэл гаргах эрх бидэнд байхгүй. Америкийн газрын тосны том компаниуд Венесуэлийн дэд бүтэц, газрын тосны салбарыг сэргээхэд тэрбум тэрбум долларыг зарцуулж, Венесуэлийн ард түмнийг баян чинээлэг, хараат бус, аюулгүй болгох болно.” хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн сард Нобелийн Энх тайвны шагналыг хүртсэн Венесуэлийн сөрөг хүчний улстөрч Мария Корина Мачадо Венесуэлийн ард иргэдийн дунд хангалттай дэмжлэг мөн хүндлэлийг хүлээж чадаагүй учир Венесуэлийг удирдаж чадахгүй хэмээн мэдэгдсэн нь олны анхаарлыг татжээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр Д.Трамп АНУ Венесуэлийн Дэд ерөнхийлөгч Делси Родригезтэй хамтран ажиллаж байгаа хэмээн мэдэгдсэн ч Делси Родригез Венесуэлийн зурагт болон радиогоор Н.Мадурог Венесуэлийн цорын ганц хууль ёсны Ерөнхийлөгч хэмээн зарлаж, түүнийг даруй суллахыг шаардан, Венесуэл улс АНУ-ын колони болохгүй хэмээн мэдэгджээ.
Венесуэл улс нь 303 тэрбум баррель газрын тосны нөөцтэй бөгөөд газрын тосны нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч улс юм. Ерөнхийлөгч Д.Трампын хэлсэнчлэн АНУ Венесуэлийн газрын тосны салбарт шинэчлэл хийж чадвал Венесуэл улс газрын тосны томоохон нийлүүлэгч болох боломжтой юм.
Нөгөө талаас Венесуэл улс газрын тосоо олон улсад нийлүүлэх боломж нээгдлээ ч тус улсын газрын тосны салбарыг хөл дээр нь босгоход багагүй хөрөнгө мөнгө, хугацаа шаардагдана гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Венесуэлийн төрийн өмчит газрын тос, байгалийн хийн PDVSA компани л гэхэд хийн болон газрын тосны хоолойнуудаа шинэчлээгүй 50 жил болж байгаа аж. Венесуэлийн газрын тосны зөвхөн дэд бүтцийг шинэчилж, бүрэн хүчин чадлаар ажиллуулахад багадаа 58 тэрбум ам.доллар зарцуулагдах аж.
Венесуэл улс нь дэлхийн нийт газрын тосны нөөцийн 18 хувийг дангаараа эзэлдэг ч өнөөдрийн байдлаар өдөрт 1 сая хүрэхгүй баррель нефть олборлож байгаа нь дэлхий даяар олборлож буй нийт газрын тосны 1 хувьд ч хүрэхгүй аж. Тус улсын өдөрт олборлож буй газрын тосны хэмжээ Н.Мадуро Венесуэлийн төрийн тэргүүн болохоос өмнө олборлож байсан газрын тосны тал хувьд ч хүрэхгүй юм. Социалист дэглэм тогтохоос өмнө Венесуэль өдөрт 3.5 сая баррель газрын тос олборлодог байсан ч олон улсын хориг арга хэмжээнүүд, эдийн засгийн гүн хямрал зэргээс болж тус улсын газрын тосны салбар уналтад оржээ.
Хөрөнгө оруулалт зогсож, ашиглалт үйлчилгээ хийгдэхээ больсноос болж газрын тос олборлох хүчин чадал нь тасралтгүй буурч, дэлхийн эдийн засаг, зах зээлийн үнэд нөлөөлөх хангалттай хэмжээний газрын тос олборлохоо больсон байна.
Венесуэлийн газрын тосны шинж чанар нь тусгай тоног төхөөрөмж, техникийн өндөр ур чадвар шаардсан онцлог бөгөөд ийм төрлийн онцлогтой газрын тосыг боловсруулах явцад дизель түлш, асфальт, үйлдвэрийн болон хүнд даацын тоног төхөөрөмжийн түлш зэрэг бүтээгдэхүүнүүд гардаг аж. Венесуэлийн газрын тосны нөөцийг хяналтдаа авах нь АНУ-д ашигтай юм. Венесуэл улс нь АНУ-тай ойр, газрын тос нь хямд бөгөөд Америкийн газрын тосны ихэнх үйлдвэрүүд Венесуэлийн онцгой чанар бүхий газрын тосыг боловсруулах хүчин чадалтай аж.
BBC агентлагийн сурвалжлагч Том Бэйтман хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхийлөгч Д.Трампын Венесуэлийн Дэд ерөнхийлөгч Делси Родригезийн тухай хийсэн мэдэгдэл бодит байдалтай нийцэхгүй байгаа нь, мөн Венесуэлийн сөрөг хүчний улстөрч Корина Мачадо Венесуэлийг удирдах боломжгүй хэмээн мэдэгдсэн нь эргэлзээ төрүүлж, Ерөнхийлөгч Д.Трамп Венесуэлд ардчилал тогтоохоос илүү газрын баялгыг нь хяналтдаа авахыг зорьж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлснийг онцолжээ.
Эх сурвалж:BBC News






