
Швейцарын Вале мужийн цанын баазад байрлах Le Constellation бааранд шинэ оны эхний өдөр гал гарч, багадаа 40 хүний амь үрэгдэж, 119 гэмтээд байгаа билээ. Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр баарны зүгээс оргилуун дарсны орой дээр бенгалын гал асааж, баарны таазанд ойр барьж явснаас болж гал анх гарсан ба баарны таазанд ашигласан материалаас болж гал хурдацтай тархсан байж болзошгүй гэсэн хувилбарыг шалгаж байгаа аж.
Вале мужийн Ерөнхий прокурор Беатрис Пиллу мөрдөгчид баарны таазанд ашигласан материал, аюулгүй байдал, тус баарны багтаамж болон осол гарах үед бааранд хэдэн хүн байсан зэргийг шалгаж байгаа тухай мэдэгджээ.
Le Constellation баар нь 300 хүний багтаамжтай бөгөөд гал гарах үед бааранд яг хэдэн хүн байсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Le Constellation баарны эздийн нэг нь орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа баарных нь галын аюулгүй байдлыг нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд 3 удаа шалгасан тухай мөн баарныхаа бүх зүйлсийг стандартын дагуу гүйцэтгэсэн тухай дурджээ.
Галд амиа алдсан 40 хүний цогцсыг таниулах ажиллагаа явагдсаар байгаа ба албаны хүмүүс “Гамшгийн хохирогчийг таниулах” ажиллагааг явуулж байгаа аж. Энэ нь шүүх эмнэлгийн мэргэжилтнүүд, эмч нар, шүдний эмч нар болон мөрдөн байцаагчдын цуглуулсан мэдээллийн тусламжтайгаар цогцсыг таних ажиллагаа аж.
Ослын үеэр гэмтсэн 119 хүний 113-ынх нь хэн болохыг тогтоогоод ба тэдгээрийн дотор Швейцар улсын 71 иргэн, Францын 14, Италийн 11, Сербийн 4 иргэн байсан аж.
Түүнээс гадна албаны хүмүүс баарнаас гарах нэгээс олон гарц байсныг тогтоогоод байгаа ба аюулгүйн гарц осол гарах үед онгорхой байсан үгүйг одоохондоо хэлэх боломжгүй байгааг онцолжээ.
Эх сурвалж: BBC






