
Америкийн жүжигчин, НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагийн тусгай элч асан Анжелина Жоли Египет улсад хийж буй хүмүүнлэгийн айлчлалынхаа хүрээнд Газын зурвас-Египетийн хил дээр байрлах Рафах хотод зочилжээ.
Израилын зүгээс Газын зурваст үйл ажиллагаа явуулж буй хүмүүнлэгийн олон арван байгууллагын үйл ажиллагааг зогсооно хэмээн мэдэгдээд байгаатай холбоотойгоор А.Жоли, “Газын зурваст шаардлагатай тусламжийг хүргэхээр олон тооны саад бэрхшээл, хязгаарлалтыг даван туулж буй хүмүүнлэгийн агентлагуудтай уулзаж ярилцлаа. Түүнээс гадна агуулахууд Газын зурвас руу оруулахыг зөвшөөрөөгүй олон тооны зүйлс, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж зэргээр дүүрсэн байгааг харлаа. Өвлийн улиралд хэрэглэгдэх зүйлс, шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг цаг алдалгүй Газын зурвас руу оруулах ёстой. Хязгаарлалт, хориг болгоны цаана хүний амь байгааг санах хэрэгтэй.” хэмээн мэдэгджээ.
Энэ долоо хоногийн эхээр Израил бүртгэлээ шинэчлээгүй хүмүүнлэгийн байгууллагуудын Газын зурвас дахь үйл ажиллагаанд хориг тавихаа мэдэгдсэн юм. Ингэхдээ Тегеран Газын зурваст үйл ажиллагаа явуулж буй хүмүүнлэгийн байгууллагуудыг ажилчдынхаа бүх мэдээллийг өгөхийг шаардаж байгаа аж. Хүмүүнлэгийн байгууллагууд ажилчдынхаа мэдээллийг Тегеранд өгөх нь ажилчдынх нь аюулгүй байдлыг эрсдэлд оруулна гэж үзэж байгаа аж.
Өвлийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор Газын зурваст их хэмжээний бороо орж, хүйтрээд байгаа ба аадар бороо, хүчтэй салхи шуурганд олон мянган палестинчуудын орогнож буй асар майхнууд нурж, усанд автсаар байгаа аж.
Анжелина Жоли Египет дэх Улаан Хавирган сар нийгэмлэг болон өөр бусад байгууллагын ажилтнуудтай уулзаж, Газын зурваст хэрхэн тусламж хүргэх талаар ярилцаж, сайн дурын ажилчдад талархаж буйгаа илэрхийлжээ.
Түүнчлэн Египетэд хийж буй айлчлалынхаа үеэр А.Жоли Палестины болон Суданы дүрвэгсэдтэй уулзах аж.
Эх сурвалж: CNN






