
Мексикийн баруун өмнөд Герреро мужийн Акапулко хотын ойролцоо 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Мексикийн төвийн болон өмнөд зүгийн бүс нутгуудад газар хөдлөлтийн улмаас багадаа 2 хүн амь үрэгдэж, 12 хүн гэмтжээ.
Нийслэл Мехико хотын дарга Клара Бругада газар хөдлөлтийн дараа хоёр барилга дээр нурах аюултай гэсэн дүгнэлт гарсныг мөн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор 34 барилга, 5 орон сууцыг шалгаж байгаа тухай мэдэгджээ.
Баасан гарагийн өглөө эрт газар хөдлөлтийн дохио дуугарсны дараа Мехико болон Акапулко хотын оршин суугчид болон гадны аялагч жуулчид гамшгийн бэлэн байдлын зөвлөмжийн дагуу байсан байсан газраасаа гарч, гудамжинд цуглажээ.
Газар хөдлөлт болох үед Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум оны эхний хэвлэлийн бага хурлаа хийж байжээ. Тэрээр газар хөдөлж эхлэх үед хэвлэлийн бага хурал дээр нь цугласан хэвлэл мэдээллийн ажилчдыг айж сандралгүйгээр тайван тарахыг зөвлөжээ.
Мексик улс нь газар хөдлөлтийн идэвхжил өндөртэй орнуудын тоонд багтах ба 2017 онд тус улсад 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 200 гаруй хүн амь үрэгдэж, нийслэл Мехико хотод олон арван барилга нурсан билээ.
Мехико хотын дарга К.Бругада иргэн бүрийг гамшгийн үед хэрэг болох үүргэвчээ бэлэн байлгахыг анхааруулж, сануулсан байна. Мексикийн Онцгой байдлын газраас гамшгийн бэлэн байдлын хүн нэг бүр гар чийдэн, радио, цэвэр ус, битүү савлагаатай хоол хүнс, дулаан хувцас, чухал бичиг баримтуудынхаа хуулбар зэргийг багтаасан цүнх болон үүргэвчийг бэлдэж тавихыг зөвлөдөг аж.
Эх сурвалж:: BBC






