
Японы Ерөнхий сайд Санаи Такаичи парламентын ордон дахь эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний тоог нэмэгдүүлэх парламентын эмэгтэй гишүүдийн шаардлагад нэгджээ.
2024 оны 10-р сард Японы парламентын доод танхимын 465 гишүүдийн 73 нь эмэгтэйчүүд болж түүхэн рекорд тогтоосон билээ. 2009 онд энэ тоо дөнгөж 54 байсан.
Сөрөг хүчний хууль тогтоогч Юсүко Комияама парламентын чуулган эхлэхээс өмнө эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний гадна урт дараалал үүссэн байдгийг онцолжээ.
Хурлын танхимтай ойр хоёрхон тасалгаа бүхий эмэгтэйчүүдийн нэг л ариун цэврийн өрөө, парламентын ордон даяар эмэгтэйчүүдийн нийт 22 тасалгаа бүхий 9 ариун цэврийн өрөө байдаг аж. Үүнтэй харьцуулахад ордон даяар эрэгтэйчүүдийн нийт 67 тасалгаа бүхий ариун цэврийн 12 өрөө байдаг аж.
Эмэгтэй гишүүдээс гадна ордон дотор ажилладаг бүх эмэгтэйчүүд дундаа 9 ариун цэврийн өрөө ашигладаг нь маш тухгүй байдаг хэмээн Юсүко Комияама мэдэгдэж, ирээдүйд парламентын гишүүдийн 30-аас дээш хувийг эмэгтэйчүүд эзлэх тэр өдөрт бэлдэж, дуу хоолойгоо хүргэхийг хүссэн гэжээ.
Японы парламентын ордон 1936 онд баригдсан ба энэ нь Японд эмэгтэйчүүд сонгуульд саналаа өгөх эрхтэй болохоос өмнө юм. Японы парламент 1946 онд анх эмэгтэй гишүүнтэй болж байжээ.
Өнөөдөр Японы парламентын доод танхимын гишүүдийн 16 хувийг, дээд танхимын 1/3-ийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ба өнгөрсөн 10-р сард тус улсын анхны эмэгтэй Ерөнхий сайд болсон Санаи Такаичи танхимын гишүүдээ томилохдоо хойд Европын орнуудын жишээг дагана гэж амлаж байсан ч хоёрхон эмэгтэйг сайдын суудалд томилсон билээ.
Япон улсад эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний асуудал зөвхөн парламентын ордноор хязгаарлагдахгүй бөгөөд тус улсад эмэгтэй ариун цэврийн өрөөний гадна дараалал үүсэх явдал хаа сайгүй ажиглагддаг байна.
Эх сурвалж: bbc.com






