
Швейцарын Вале мужийн Кранс-Монтана цанын баазад байрлах бааранд гал гарсны улмаас 40 хүн амь үрэгдэж, ойролцоогоор 115 хүн гэмтжээ.
Le Constellation бааранд 1-р сарын 1-ний шөнө 01:30 цагийн орчимд гарсан галд дотоодын аялагчдаас гадна гадны орны жуулчид өртсөн байна. Гал гарах болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж.
Орон нутгийн Цагдаагийн албаны дарга Фредерик Гислер амиа алдсан иргэдийн цогцсыг таниулах ажиллагааг явуулж, хохирогчдын цогцсыг ар гэрийнхэнд нь шуурхай хүлээлгэж өгөх ажлыг нэн тэргүүнд тавьж ажиллана хэмээн мэдэгджээ.
Гал гарсан дуудлагын дагуу 13 нисдэг тэрэг, түргэн тусламжийн 42 машин, онцгой байдлын 150 албан хаагч ажилласан ба галын улмаас гэмтсэн иргэдийн дийлэнх нь ноцтой түлэгдэж, биеийн байдал нь хүнд байгаа гэжээ.
Гэмтсэн иргэдийн 60 нь Вале мужийн эмнэлэгт хүргэгдсэн ба тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн ор дүүрчээ. Зарим иргэдийг Лозанна болон Цюрих зэрэг хотуудын эмнэлгийн түлэнхийн тасагт шилжүүлжээ.
Италийн Гадаад харилцааны яам Итали улсын 16 иргэн сураггүй болж, 12-15 нь эмнэлэгт эмчлүүлж байгаа тухай мэдэгдсэн бол Францын Гадаад харилцааны яам улсынх нь 8 иргэн сураггүй байгааг, мөн осолд Францын иргэд өртсөн байж болзошгүй гэж үзэж байгаа тухайгаа мэдэгджээ.
Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Франц улсын багадаа 2 иргэн дээрх ослын улмаас гэмтсэн хэмээн мэдээлж байгаа бол Италийн Милан хотын Нигуарда эмнэлэгт Le Constellation бааранд гарсан галд өртсөн 3 иргэн эмчлүүлж байгаа ба дээрх 3 иргэний биеийн 30-40 хувь түлэгдсэн тухай мэдэгджээ.
Швейцарын албаны хүмүүс гал гарах үед бааранд яг хэдэн хүн байсныг мэдэхгүй байгаа ба тиймээс амиа алдсан болон гэмтсэн иргэдийн тоо, тэдгээрийн аль улсын иргэд болохыг тодорхой хэлэхэд хэцүү байгааг онцолжээ.
Кранс-Монтана нь гадаад дотоодын жуулчдын дунд алдартай тансаг зэрэглэлийн цанын бааз бөгөөд хоёр давхартаа спорт баар, нэг давхартаа бүжгийн талбайтай Le Constellation баар нь тус цанын баазад олон арван жилийн турш ажиллаж иржээ.








