
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун гэргий Ри Соль Жү, охин Ким Жү Эгийн хамт нийслэл Пхеньянд болсон шинэ жилийн баярын үйл ажиллагааг үзэж сонирхжээ.
Салют буудлага, эх орноо магтан дуулсан дуу бүжиг, таеквондогийн үзүүлэн тоглолт зэргээс бүрдсэн шинэ жилийн баярын арга хэмжээн дээр хэлсэн үгэндээ Ким Жон Ун Хойд Солонгосын ард иргэдийн хичээл зүтгэлийн ачаар Хойд Солонгос улс 2025 оныг олон ололт амжилт, шинэчлэлт өөрчлөлттэйгөөр үдэж байгааг онцлон, ард иргэддээ эв нэгдэлтэй байхыг уриалжээ.
Түүнчлэн тэрээр ОХУ-Украины дайнд Оросын талд тулалдаж буй цэргүүдийг Хойд Солонгосын сүр хүч, бахархал мөн хүчирхэг багана нуруу хэмээн тодорхойлж, албаа амжилттай хааж, эх орондоо эргэн ирэхийг нь тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлжээ. Ким Жон Ун, “Зоригтой байгаарай. Та нарын ард Пхеньян бас Москва байгааг санаарай.” гэжээ.
Пхеньянд энэ оны эхээр эрх барих Хөдөлмөрчдийн нам 9 дэх их хурлаа хийх юм. Уг хурлаар эрх баригчид Хойд Солонгосын ирэх 5 жилд баримтлах чиг бодлогыг тодорхойлж, цөмийн болон зэр зэвсгийн, эдийн засгийн зэрэг салбаруудын 5 жилийн төлөвлөгөөг боловсруулах юм.







