
Дэлхийн өнцөг булан бүрт лхагва гарагаас пүрэв гарагт шилжих шөнө иргэд хуучин оноо үдэж, итгэл найдвараа тээн шинэ оноо угтав.
Уламжлал ёсоор Номхон далайд байрлах Кирибати улсын ард иргэд, тонгачууд, шинэ зеландууд шинэ онтой хамгийн түрүүнд золгов. Шинэ Зеландын Хойд арал цаг агаарын урьдчилсан мэдээгээр дуу цахилгаантай бороо орно гэсэнтэй холбоотойгоор шинэ жилийн үйл ажиллагаануудаа цуцалсан бол нийслэл Оклэнд хот бороотой байсныг үл харгалзан уламжлалаа дагаж, хамгийн өндөр барилга болох 240 м өндөр Sky Tower цамхаг дээрээс 5 минутын турш салют буудуулжээ.
Австралийн Сидней хот 2026 оныг мөн л уламжлал ёсоор Sydney Harbour Bridge гүүрэн дээрээс салют буудуулан угтав. Энэ жилийн баярын үйл ажиллагаа Бондай наран шарлагын газарт болсон алан хядах ажиллагаатай холбоотойгоор өндөр хамгаалалтын дор болж өнгөрсөн ба зохион байгуулагчид уг халдлагын улмаас өөд болсон иргэдийн дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугаа хураан зогсож, Harbour Bridge гүүрийг иудей шашны бэлгэ тэмдэг болох цагаан өнгөөр гэрэлтүүлжээ.
БНСУ-ын нийслэл Сөүл хотын төвд олон мянган иргэд Босингак асрын гадна цуглаж, тус асарт байрлах том хонхыг шөнө дунд 33 удаа цохин дуугаргаж, шинэ онд саад тотгорыг зайлуулж, амар амгалан, хөгжил цэцэглэлтийг дууддаг Буддын шашны ёс заншлыг гүйцэтгэж буйг үзэж сонирхохоор цуглажээ. Түүнчлэн зүүн өмнөд зүгийн Бусан хотынхон шинэ оноо дроны шоугаар угтаж, тэнгэрт 2026 оны морь жил гэрэлтэхийг харжээ.
БНХАУ-ын нийслэл Бээжин хотоос баруун зүгт Цагаан хэрэмийн урд баярын үйл ажиллагаанууд явагдаж, он солигдох мөчид хөгжимчид бөмбөр тоглож, цугласан олныг баясгажээ. Баяр тэмдэглэхээр цугласан иргэд 2026 он гэсэн бичигтэй малгай өмсөж, обруч зүүж, морь жилийн зурагтай уриа лоозон барьсан байв.
Хорват улсад шинэ жилийн баярын үйл ажиллагаа эрт эхэлжээ. 2000 оноос тус улсын Фузин хот шинэ жилийн үйл ажиллагаагаа өдрийн 12 цагаас эхэлдэг уламжлалтай болсон нь бусад хотуудад нь ч тархжээ. Иргэд хотынхоо төв талбайд цуглаж, дуулж бүжиглэж, зоригтой нэг нь мөс шиг хүйтэн нуурын усанд оржээ.
Бразилын Рио-де-Жанейро хотын Копакабана наран шарлагын газарт 31-ний өдөр дуу хөгжмийн “Reveillon” нэртэй үдэшлэг зохион байгуулахаар том тайз засаж бэлдсэн байв. Зохион байгуулагчид нь шинэ жилийн хамгийн том баяр ёслолын үйл ажиллагааны 2024 оны Гиннессийн рекордыг эвдэх зорилго тавьжээ.
Лондон хотын Биг Бен цамхгийн цаг шөнө дундыг заах мөчид иргэд алдарт London Eye алсыг харагчийн эргэн тойронд 12 мянган салют буудахыг харжээ.
Дэлхийн хамгийн өндөр барилга болох Дубай хотод байрлах Бурж Халифа өнгө өнгийн гэрэл, салютаар гэрэлтэж, 2026 оныг угтав.
Эх сурвалж: Reuters






