
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ.
Тус байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар илтгэв. Хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлэг 24, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг давхардсан тоогоор 100 хууль тогтоомжийн төслийн саналыг ирүүлжээ. Мөн Улсын Их Хурлын Байнгын хороодоос нийтдээ 23 саналыг хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгуулахаар ирүүлсэн гэв.
Тогтоолын төслийг боловсруулахдаа 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн батлахаар хуульд тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс эхний ээлжинд хэлэлцүүлэхээр холбогдох Байнгын хороодоос санал ирүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг тогтоолын төсөлд нэрлэн тусгах зарчмыг баримталж, нийт 26 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлж баталлаа.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганыг хааж, үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ:
Ард түмний элч төлөөлөгч бид мэргэжлийн бодлогын мэтгэлцээн өрнүүлэх үүрэгтэй. Улсын тусгаар тогтнол, иргэний эдийн засгийн эрх чөлөөг бататгах чухал байна.
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган 75 өдөр чуулж, 14 хууль, 37 тогтоол хэлэлцэн баталлаа.
Чуулганы нэгдсэн хуралдаан 36 удаа, байнгын хорооны хуралдаан 111 удаа, дэд хорооны хуралдаан 10 удаа, хянан шалгах түр хорооны хуралдаан 13 удаа хуралдлаа.
- Түлш шатахуунаар 100 хувь хараат, саалиа ч, саваа ч бэлдээгүй, гадаад хүчин зүйлсээс улбаатай тасалдал хомсдолд нэн эмзэг, өртөмтгий байдлыг багасгах, нөөц бүрдүүлж, урьдчилан сэргийлэх зорилгоор Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг хэлэлцэн баталлаа.
- Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, босгыг нь намсгаж, болзлыг зөөллөв. Давтамж нь өссөөр буй ган зуд, гамшигт үзэгдлийн хор хохирлыг бууруулах, малчид нөхөн төлбөрөө нэг удаа урьдчилан авах боломжтой боллоо.
- Монгол Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийнхээ дагуу захирамж гарган, Үндсэн хуульд заасан үндсэн эрх, эрх чөлөөг хааж боосон, хавчиж хязгаарласан хүнд суртал, хууль журмын хийдэл давхардал, гох дэгээ, төрийн хэтийдсэн оролцооноос иргэнээ, хувийн хэвшлүүдээ чөлөөлөх “Чөлөөлье” санаачилга боловсруулан дэвшүүллээ.
- “Чөлөөлье” санаачилгыг бодлого, хөтөлбөр, бодит үр дүн, өөрчлөлт болгон амилуулах 12 Ажлын хэсэг бүрдэн ажиллаж байна.
- Үндэснээсээ тусдаа навч ургадаггүй боловч салбар салбарт эдийн засгийн эрх чөлөөг тушиж ургасан мөчир салаа, бизнесийн орчныг муутгасан хүчин зүйлс, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил, засаглал, авлига, хүнд суртал, хуулиас давсан дүрэм журмууд, хүний хүсэлд хясал болсон бодит байдлыг оношлон дүгнэж, гарц шийдэл, орц жорыг санал болгож, хууль тогтоомжийн төсөл боловсруулна.
Ард түмний 126 дарга биш, ард түмний 126 элч төлөөлөгч бид нийгмийн хүсэл хүлээлт, хэрэгцээ шаардлага, улс орны эрх ашиг, цаг үеийн хэрэгцээ шаадлагыг нарийн мэдэрсэн, хүний эрхийн бодлогын өмгөөлөгчид, иргэнийхээ улс төр, эдийн засгийн эрх чөлөөний хамгаалагчид байх үүрэгтэй хэмээн санууллаа.
Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж, Улсын Их Хурлын гишүүд болон зочид төлөөлөгчид босож хүндэтгэл үзүүлснээр Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө.






