
2025 он нь нийгмийн хөгжил, хүмүүсийн амьдралын хэв маяг, хандлагад олон шинэлэг өөрчлөлт, урам зориг өгсөн үйл явдлуудаар дүүрэн жил байлаа. Технологи, боловсрол, залуучуудын оролцоо, нийгмийн ухамсрын өсөлт зэрэг салбарт онцлох сайн жишээнүүд нэмэгдсэн нь энэ оны нийгмийн гол өнгө төрхийг тодорхойлсон юм.
Чухамдаа нийгэм илүү ухамсартай, идэвхтэй чиглэл рүү шилжиж эхэлсэн жил байлаа. Хэдийгээр сорилтууд байсан ч хүмүүсийн сэтгэлгээ, хандлага эерэгээр өөрчлөгдөж, хамтдаа сайжрах хүсэл нэмэгдсэн нь 2025 оны онцлох “гоё” шинж байлаа.
Үр дүнд хүрсэн гурван жагсаал


- Ерөнхий сайдын хүүгийн тансаглалтай холбоотой жагсаал
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаглалаас үүдэн олон нийт бухимдаж, орлогоо нотлохыг шаардаж эхэлсэн жагсаал сар гаруй үргэлжилсэн. Улмаар Gen Z үеийн төлөөллүүд шударга ёсыг нэхэж, Ерөнхий сайддаа шаардлага тавьсан. - Багш нарын жагсаал
Багш нарын цалинг нэмүүлэх шаардлагыг дэмжсэн жагсаал үр дүнд хүрч, 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үндсэн цалинг 50 хувиар, 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 26 хувиар нэмэх Засгийн газрын тогтоол батлагдсан. - Эмч нарын жагсаал
Эмч, эрүүл мэндийн ажилтнуудын цалинг нэмүүлэх жагсаал үр дүнд хүрч, 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үндсэн цалинг 30 хувиар, 08 дугаар сарын 01-ээс 12 дугаар сарын 01 хүртэл сар бүр 9 хувиар нэмэхээр болсон юм.
Жагсаал бол ардчилсан улсын гол амин сүнс бөгөөд ард түмэн үзэл бодлоо илэрхийлж, үр дүнд хүрэхэд чухал үүрэгтэй. Хамгийн гол нь энэ нь үймээн самуунгүй зохион байгуулагддаг нь иргэдийн ухамсрын шат ахиж, хүний эрхийн мэдрэмж нэмэгдэж байгаагийн илрэл юм.



Шатахуун хомсдож, Монголчууд “бензин” гэж бичиж сурлаа

Байхгүйн зовлонд нэрвэгдсэн ард түмэн шатахууны дараалалд өдөр, шөнө харгалзахгүй зогссон. Энэ нь хамгийн тэвчээр шаардсан үйл явдал байлаа.
Шатахуунтай холбоотой дэлхийн зах зээлийн үнэ өсөх, улсын дотоод хадгалалтын хязгаарлалттай холбоотой. Жишээлбэл, Улаанбаатар хотын зарим шатахуун түгээх станцуудад автомашины эгнээ урт дараалал үүсч, зарим үед шатахуун олдохгүй тохиолдол гардаг.
Иргэдийн хувьд бензиний үнэ нэмэгдэх нь амьдралын өртөгт шууд нөлөөлдөг. Тээврийн зардал өсч, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь нийгмийн бүх давхаргад хүндрэл учруулдаг. Энэ нөхцөлд иргэд болон аж ахуйн нэгжүүд шатахуун хэмнэх арга хэмжээ авч, нийтийн болон цахилгаан тээвэр зэрэг альтернатив сонголтыг илүү ашиглах хэрэгцээ бий болж байна.
Нүүрсээ зараад, буцаагаад худалдаж авлаа

Монгол Улс өөрсдөө нүүрс олборлож гадагш экспортолдог хэрнээ буцаагаад өндөр үнээр худалдан авдаг цөөн орнуудын нэг. Нийслэлчүүд 12 сарын 1-нээс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжсэн. Энэ онд нийслэлийн хэрэглээнд зориулан БНХАУ-ын “Шаньси нүүрс-химийн групп”-ийн Вужоу салбар компаниас 306 мянган тонн шахмал түлш худалдан авах гэрээ байгуулсан.
Энэхүү алхам нь утаанаас салах чиглэлд чиглэсэн ч шууд утаа буурсан гэж дүгнэх нь хэт өрөөсгөл юм. Ард түмэнд олдоц муу, дараалал үүсгэсэн даарсан хоногууд үргэлжилж байна.
МОНГОЛЧУУД AI ТЕХНОЛОГИТОЙ “БҮРЭН” ТАНИЛЦАВ
Иргэд дижитал орчинд илүү идэвхтэй болж, чат платформууд, болон цахим хаягуудыг өдөр тутмын харилцаа, мэдээлэл солилцоо, худалдаа үйлчилгээний хэрэгсэл болгон ашигласан нь нийгмийн мэдээллийн хурд, уялдаа холбоог эрс нэмэгдүүлжээ. Энэ нь залуучуудын оролцоо, цахим соёлын түвшинг ахиулахад том түлхэц болсон.
Мөн нийгмийн томоохон, салбарууд, бүлгүүдийн бүтээмжийг нэмэгдүүлэв.
УХАМСРЫН АСУУДЛААС БОЛЖ УЛААНБУРХАН ӨВЧИНД “НЭРВЭГДЭВ”

Улаанбурхан өвчнөөр нийт батлагдсан тохиолдол 13,677 бөгөөд одоогоор 13,648 хүн эдгэрч, эмнэлэгт 18 хүн хэвтэн эмчлүүлж, 7 хүн гэрээр эмчлэгдэж байна. Нас баралт 12-д хүрээд буй.
Уг нь улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Гэтэл зарим нөхцөл байдлаас шалтгаалж эцэг эхчүүд хүүхдээ вакцинд хамруулахгүй байх тохиолдол гарсан үүнээс болж нас баралт нэмэгдсэн талаа холбогдох албаны хүмүүс хэлж байлаа.
Иймд эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээх нь чухал. Эцэг эхчүүдэд анхааруулж хэлэхэд, хүүхдүүдийг хоёр тун вакцин хийлгэхийг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөж буй.






