
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц энэ оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдөр дунд суудлын хуралдаанаараа Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд 10 дугаар дүгнэлтээ гаргасан юм.
Үндсэн хуулийн цэцийн уг дүгнэлтэд Эрүүгийн хуулийн дээрх зүйл Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… эрх чөлөө, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын “… үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх … эрх чөлөөтэй. …”, мөн зүйлийн 17 дахь заалтын “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. …”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн, харин Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын “итгэл үнэмшилтэй байх…” эрх чөлөөтэй, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг зөрчөөгүй хэмээн дүгнэсэн юм.

Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх бол хүний үндсэн эрх бөгөөд түүнийг Үндсэн хууль, НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал зэрэг баримт бичгүүдэд хүлээн зөвшөөрч, хамгаалдаг гэдгийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал онцлон сануулж, гэвч хүний үг хэлэх эрх чөлөө бусдын нэр төр, аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдалтай зөрчилдсөн, хүчирхийлэлд уриалсан агуулгатай бол хуульд заасан хүрээнд хязгаарлаж болдгийг хэлэв. Тэрбээр, эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудаар алдар хүнд гэж юуг ойлгох, илтэд хууль бус мэдээлэл гэж юуг ойлгох зэрэг хүрээ хязгаарыг тодорхойлж өгөөгүйгээс болж хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөнд халдаж болзошгүй нөхцөл байдал бий болсон байгааг анхааруулж, үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн цэцээс гаргасан тайлбартай нийцүүлэн хүний эрх, эрх чөлөөг илүү баталгаажуулах хууль санаачилж ажиллахыг Улсын Их Хурлын гишүүдэд уриалж, бусдын алдар нэрийг хамгаалах гэдэг нэрийн дор хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхэнд бүдүүлгээр халдаж болохгүйг гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
Үндсэн хуулийн цэцээс зөрчсөн гэж дүгнэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн зүйл, хэсэг заалт бүрээр санал хураалт явуулж, Хууль зүйн байнгын хороо дэмжээгүйг дэмжих томьёоллоор санал хураахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн энэ оны 10 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авлаа. Дүгнэлтийг хүлээн авсан тул Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг, зөвлөлийн гишүүдийн оролцоотойгоор байгуулахаар тогтлоо.






