
Хуучин оны отгон өдөр, шинэ оны босгон дээр монголын улс төрд 2025 онд болсон үйл явдлын тоймоо, төрийн хямралд хүргэх шахсан эрх мэдлийн төлөөх тэмцэл дахин бүү гараасай хэмээх ерөөлөөр эхлүүлье.
Цаг хугацааны тойм:
Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцров
- 2025.06.03
Г.Занданшатар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдлоо
- 2025.06.12
Монголын парламент анх удаа Ерөнхий сайд, УИХ-ын даргаа нэг өдөр огцруулсан шийдвэр гаргалаа
- 2025.10.17
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө
- 2025.10.17
Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг сонголоо
- 2025.08.31
Монгол Ардын намын даргаар Н.Учрал сонгогдлоо
- 2025.11.17
Монгол Улсын Их хурлын даргаар Н.Учралыг томиллоо
- 2025.11.20
Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол зохион байгууллаа
- 2025.12.08, 10, 12
Улс төрийн гол өрнөлийг он цагийн дарааллаар нь харвал ингэж болохоор байна. Энэ бүхний цаана Төрийн ордонд бужигнасан 126 гишүүн нь улс төрийн нам, үзэл баримтлал, хэний хүн болохоороо хуваагдаж, өглөө, өдөр, оройгүй хэвлэлийн бага хурал хийцгээж байсан бол намын даргын суудлаас эхлэлтэй эрх мэдлийн тэмцлийн гол тоглогчид зорилгынхоо төлөө журмын нөхдөөрөө “туг тахиад” Үндсэн хуулийн цэцээ ч хутган оролцуулсан явдлууд бий.
Засгийн газрын дундаж наслалтын рекорд тогтоосон Л.Оюун-Эрдэнэ 20 настай хүү, бэрийнхээ тансаглалаас болж огцров

2025 оны эхэнд Л.Оюун-Эрдэнэ сүүлийн 20 жилд ДӨРВӨН жил тогтвортой засагласан Ерөнхий сайд гэгдэж, Засгийн газрын дундаж наслалт 1.8 жил буюу ердөө 20 сарын хугацаатай байсан рекордыг эвдсэн. тэрбээр 2024 оны сонгуульд намаа удирдан орж, парламентад 65 суудал авсныхаа дараа Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө 14 мега төслөө тунхаглан, 4 жил 5 сарын хугацаанд Ерөнхий сайдаар ажилласан ч бэрийнхээ брэндийн цүнх, 20 настай хүүгийнхээ тансаглалд бүдэрч, улс төрийн тавцангаасаа арчигдсан. Түүний балагт Херо Баатар ах нь, найз Д.Амарбаясгалан зэрэг олон хүн татагдан унасан.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хувь заяаг шийдэх УИХ-ын чуулган шөнө дөлөөр хуралдах үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн биеэр орж ирж, хатуу хэд үгээ хэлчихээд гарав. Дараа нь юу болсон нь тодорхой.
Сонгуульд бүдэрсэн Г.Занданшатар “Ерөнхийлөгчийн ивээл дор” Ерөнхий сайдаар томилогдлоо


2024 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодон, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тамгын газрыг тэргүүлж байсан Г.Занданшатарт завшаан гарч, Засгийн газрын тэргүүн болов.
Эрх баригч МАН дотор Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын “80”-аад оныхон, У.Хүрэлсүх, Г.Занданшатар тэргүүтэй “70”-аад оныхон сар гаруй үзэлцсэний эцэст хэн нь эзэн болохоо баталж, намын дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын суудлаа У.Хүрэлсүхийн талынхан бүтэн авч, Ерөнхийлөгч төвтэй болж эхэлсэн.
Хамтарсан засгаас жийгдсэн Л.Гантөмөр намын даргаа өгч, О.Цогтгэрэлийг сонголоо


Наймдугаар сарын сүүлээр Ардчилсан намынхан Их хурлаа хуралдуулаад, эв нэгдэлтэйгээр намын даргаараа О.Цогтгэрэлийг сонгосон. Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарсан явдалд Л.Гантөмөр хариуцлагаа хүлээн огцорч үлгэр үзүүлэв.
Үүнээс хойш Л.Гантөмөр чимээгүй байгаа бол О.Цогтгэрэл УИХ дахь намын бүлгийн даргын ажлаа ч өгөөгүйгээр барахгүй одоо байгаа Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах асуудлыг эхлүүлээд явж байна.
Угтаа парламентын “сөрөг хүчин” гэж хэн болох, юу хийж чадахаа УИХ дахь АН-ын гишүүд эрвийх, дэрвийхээрээ гэдэг шиг л үзүүлж байгаа.
“Намын даргад нэрээ дэвшүүлж байна” гэж хэлээд л гал дээр тос нэмсэн Д.Амарбаясгалан намын дарга ч үгүй, УИХ-ын дарга ч үгүй үлдэв


2025 оны 09 дүгээр сарын 15-аас УИХ-ын намрын чуулган нээлтээ хийснээр улс төр халж эхлэв. Есдүгээр сард Д.Амарбаясгалан намын даргад өрсөлдөхөө зарлав. Энэ цагаас Л.Оюун-Эрдэнийг Г.Занданшатараар сольсон үе хоорондын тэмцэл сэдрэв. А гэж ам нээвэл хэний хүн болох нь тодорхой болсон тэр цаг үед Г.Занданшатарын тал Б.Энхбаярыг гэнэтхэн сайд болгон гаргаж ирэн, нохойд барьдаг мод шиг “нүүрсний хулгайчаар Д.Амарбаясгаланг ялал” гэсэн даалгаврыг биелүүлж эхлэв.
Гэсэн ч Д.Амарбаясгалан хэлсэндээ бат зогсож, МАН-ын даргын сунгаанд Бага хурлын гишүүдийн олонхын саналыг авсан ч, өрсөлдөгч Г.Занданшатар нь хүлээн зөвшөөрөөгүйгээр хагарал улам гүнзгийрэв.
УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа нэг өдөр огцруулж улс төрийн түүх бичигдэв


УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэж, 71 гишүүний саналаар огцруулсан бол үргэлжлүүлэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өөрөө төрийн өндөр дээд албан тушаалаасаа огцорч, нүүрсний хэргийн асуудлаар шалгуулах өргөдлийг нь хэлэлцэж, нийт гишүүдийн 89.6 хувийн санал буюу 114 гишүүний 102 нь дэмжсэнээр үүрэгт ажлаас нь буулгалаа.
Ингэснээр Монгол Улсын төр анх удаа нэг өдөр Төрийн гурван өндөрлөгийнхөө хоёрыг нь буюу УИХ-ын дарга, Ерөнхий сайдыгаа нэг өдөр огцруулж буй улс төрийн түүх бичигдэв.
Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын 54 гишүүн өргөн барьсан бол УИХ-ын даргыг огцруулах асуудлыг 67 гишүүн өргөн бариад байв. Харин УИХ-ын дарга өчигдөр өөрөө өргөдлөө өгч, шалгуулах шийдвэр гаргаснаар түүний хүсэлтийг ТББ-ын хороогоор хэлэлцэж, 100 хувийн саналаар шийдвэрлээд байсан билээ.
Дараагийн УИХ-ын дарга тодрох хүртэл УИХ-ыг Дэд дарга Х.Булгантуяа удирдах болов.
Гэхдээ энэ үед эрх баригчид төрийн ордонд сандал суудлын төлөөх тэмцэл нь буцалсан бол төрийн ордны гадаа эмч, багш, ахмадуудын цалингаа нэмүүлэх жагсаал ширүүссэн. Гэхдээ шинэ Засгийн газар цалин, тэтгэврийг нэмэх тохиролцоонд хүрч шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Томилгоонд бялуурсан Г.Занданшатарын Засгийн газар
Г.Занданшатар Засгийн газраа эмхэлснээс хойш хийж эхэлсэн томилгоо одоо ч үргэлжилсээр. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтнээс эхлээд ХҮН, Ардчилсан намын хүмүүсийг явуулсаар байна. Харин У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Н.Учрал нар хүмүүсээ, институцээ хуваан авч, өөрийн хүмүүсээ төр, намын албандаа ээлж дараалан томилсоор байна. Төрийн өмчит компаниудынх одоо ч дуусаагүй. Хамгийн сүүлд дэд сайд нарын томилгоо хүчтэй шүүмжлэл дагуулав.
Оюу толгойтой халз тулсан “Харвардын баг” тогтоолоо батлуулж, нулимс дуслуулав


2009 онд анх батлагдсан Оюу толгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг 16 жилийн дараа нухацатай авч үзэн, оролцогч талуудыг нэг дор цуглуулан гэрчээр дуудсан Түр хорооны сонсгол энэ оны онцлох нэг үйл явдал баттай мөн.
16 жилийн хугацаанд 10 гаруй ажлын хэсэг байгуулан, УИХ-ынг хэд хэдэн тогтоол баталсан ч хэрэгжилт нь хангагдахгүй, Рио тинтогийн өмнө бууж өгдөг Монголчууд энэ удаад “Харвардын баг”-ийн залуу гишүүдийн зориг, зүрхэнд итгэн нээлттэй сонсгол хийлээ. Оюу толгойтой холбоотой 300 гаруй хүнийг гэрчээр дуудан чамгүй ирцтэй явагдсан энэ сонсгол Түр хорооны залуу гишүүдийн шүүсийг шахаж, УИХ-аар тогтоолоо батлуулахдаа хүртэл нулимсыг хүртэл үзээд авлаа.
Үндсэндээ Рио тинтой групптэй монголын Засгийн газар, УИХ-ын түвшинд, Онтред хамаарах хоёр лиценз, зээлийн гэрээний хүү бууруулах жил үр дүн гаргах шаардлага, маш олон мэдээллээ нууцад оруулсан байдалтай нээлттэй сонсгол, Арбитрын маргаан, “Оюутолгой” компанид монгол захирал томилох, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэх зэрэг олон асуудлаар мэдээлэл сонссон жил байлаа.
Ирж буй 2026 онд Монгол Улсын төр түвшин амгалан байж, олон ургальч үзэл, улс төрийн олон намын төлөөллөөс бүрдсэн парламентын шийдвэр мэргэн байх болтугай гэсэн өлзийтэй ерөөл өргөе.






