
Монголын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 27 (өвөл, зун, пара) спортын төрөлд 57 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 250 тамирчин бэлтгэл сургуулилтаа хангаж, тэмцээн уралдаанд оролцсон.
Үндэсний шигшээ багийн тамирчид улиран одож буй онд 91 тэмцээн, дотоодын 24 цугларалт, гадаадын 11 цугларалтад хамрагдсан бөгөөд нийт 148 медаль хүртжээ.
Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс дөрвөн алт, зургаан мөнгө, найман хүрэл медаль, өсвөр үеийнхний ДАШТ-ээс нэг алт, хоёр хүрэл медаль, залуучуудын ДАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв.

Залуучуудын ДАШТ-ээс хоёр хүрэл медаль, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс нэг алт, долоон мөнгө, 14 хүрэл медаль, залуучуудын Азийн АШТ-ээс таван алт, таван мөнгө, дөрвөн хүрэл медаль, Их дуулгаас долоон алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн бол гранпри тэмцээнээс гурван алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль, Дэлхийн цомоос гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль, эрх олгох болон олон улсын тэмцээнээс 12 алт, 15 мөнгө, 20 хүрэл медаль хүртсэн байна.
Нийт хүртсэн 148 медалийн 36 нь алт, 43 нь мөнгө, 70 нь хүрэл юм.
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ багийн охид ДАШТ-нд нутагтаа тод од болон гялалзав


2025 оны 6 дугаар сар Монголчуудыг омогшуулсан, тэр дундаа нийслэлчүүдийг доргиосон сагсан бөмбөгийн улирлын сар байв. Уухайн түрлэг дунд сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолт бүрээ амжилттай хийж, ялалт байгуулснаар мөнгөн медаль зүүсэн Монгол охидуудынхаа амжилт, ялалтыг эргэн дурсацгаая. Монгол Улсад анх удаа зохион байгуулсан шигшээ багийн охид урд хөрш БНХАУ, сагсны эх орон хэмээн нэрлэгддэг АНУ-аас эхлээд Герман, Украйн, Хятад, АНУ, Польш зэрэг учраа бүхнээ хожиж, ялсаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийг зүүсэн юм.
Тэдний уг амжилтыг үнэлж, МУГТ гэх эрхэм хүндтэй цол олгосныг эргэн сануулъя. Түүнээс гадна сагсан бөмбөгийн спортод амьдралынхаа 20 гаруй жилийг зориулсан сагсан бөмбөгчин Б.Билгүүн, Т.Санчир нар энэ онд МУГТ хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн билээ.
Монголын сагсан бөмбөгийн холбоо тус тэмцээнийг эх орондоо хүлээн авч, зохион байгуулснаар 30 дахь Олон улсын томоохон чанартай тэмцээнийг эх орондоо амжилттай авсан нь энэ юм.
The MongolZ баг түүхэндээ анх удаа цахим спортын дэлхийн чансааг тэргүүлж эхлэв


Цахим спортын CS2 төрлөөр дэлхийд томоохон амжилт, өнгө төрхийг бүтээж яваа The MongolZ баг Дэлхийн чансааг тэргүүлж эхэлсэн нь 2025 оны түүхэн амжилтуудын нэг байв.
“The MongolZ”-ынхон дэлхийн чансааг тэргүүлсэн Ази тивийн анхны баг болж, түүхэнд нэрээ үлдээж чадсан билээ. Энэ багийн спортын замнал 2013 оноос эхлэлтэй бөгөөд анх Dota 2 багийн бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж байсан. 2015 оноос эхлэн CS буюу Counter Strike төрлөөр өргөжиж, өдгөө Монгол Улсдаа төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн цахим спортын баг болоод буй.
Монгол Улсын цахим спортын түүхийг бичилцэж яваа тэдний хувьд эдгээр амжилтууд дөнгөж эхлэл нь юм. Тэд цахим спортыг сонирхдог олон мянган тамирчдад урам зориг өгч, зорилгынхоо төлөө тууштай тэмцэж чадвал амжилт ойрхон байдаг гэдгийг өөрсдийн биеэр батлан харуулж буй юм.
Монгол баатрын дүртэй холимог тулаанч Б.Энх-Оргил шоу нэвтрүүлгийг
чимэхээс гадна Дэлхийн аваргын бүсээ өргөв


Холимог тулаанч Б.Энх-Оргил “One Championship” холбооны бүсний эзэн болж, дэлхийн аварга цол хүртэв
Ингэснээр тэрбээр өөрийн багш, дасгалжуулагч, МУГТ Ж.Нарантунгалагийн амжилтыг давтаж, 11 жилийн дараа Монголчууд “Дэлхийн аварга” цолтноо дахин өлгийдөж авсан. Холимог тулааны спортын “Шандас ММА” Team Tungaa багаас ийн хоёр дахь дэлхийд данстай тулаанч төрөн гарав.
Холимог тулааны “One Fight Night-38” тэмцээний оргил тулаанд Монголын тамирчин Б.Энх-Оргил Бразил Улсын тамирчин дэлхийн аваргын бүсний эзэн Фабрисио Де Андрадетай 65.8кг-ийн жингийн дэлхийн аваргын бүсний төлөө тулалдаж, дөрөвдүгээр үед боолтоор ялалт байгуулж, нийт Монголын ард түмнээ баясган цэнгүүлсэн билээ.


Тэрбээр, “Physical Asia” шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцож, монгол хүчит баатрын хэв маяг, донж төрхийг харуулахаас гадна хүч чадал, тэсвэр тэвчээр, уран ухааныг үзүүлж чадсан нь онцлог байв.
Хонгор нутгийнхныг бахархуулсан шинэхэн Арслан Э.Батмагнай баяр наадмын
зүлэг ногоон дэвжээнээ ир бяраа гайхуулав


Үндэсний их баяр наадамд Монгол Улсын Начин Э.Батмагнай ес даван түрүүлж, 24 насандаа Улсын Арслан цол хүртлээ.
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Улсын баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд улсын харцага Э.Батмагнай аймгийн хурц арслан Н.Өсөхбаяраар ес даван түрүүлж, 24 насандаа Улсын арслан болсон. Ингэснээр 76 жилийн дараа Баянхонгор нутгаас наадмын түрүү бөх тодров. Төв цэнгэлдэх хүрээлэн тэр л чигтээ “Хонгор нутаг” дуу цуурайтаж, Монгол түмэн шинэ арслангаа хүндэтгэлтэйгээр хүлээж авсан байдаг.
Залуу арслан наадмын барилдаанаас хойших томоохон барилдаануудад дараалан түрүүлж, арслан цолыг гуядаж авсан гэдгээ бодит олон түрүү амжилтаараа батлан харуулсаар буй.
Бөхийн удамтын шинэ залгамж С.Бямбасүрэн арлын оронд шуугиулж,
сүмо бөхийн ертөнцийг доргиолоо


Хошёорюү С.Бямбасүрэн Хацү башёд түрүүлж, мэргэжлийн сүмо бөхийн 74 дэх Ёкозүна болов
Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёд Хошёорюү С.Бямбасүрэн 12 даваа 3 унаатайгаар түрүүлж, ёкозүна цол хүртэх болзлоо хангав. Түүний энэ амжилт нь 2025 оны спортын онцлох үйл явдлын нэгээр зүй ёсоор нэрлэгдэж байна. Озэки Хошёорюү С.Бямбасүрэн нь Асашёрюү Д.Дагвадоржийн том ах Д.Сугаррагчаагийн хүү юм. Бөхийн удамт түүний хувьд Монголоос төрөн гарсан зургаа дахь Ёкозүна цолтон болов.
Багийн спорт бол “Атгасан гар” хэмээх үгийг олноо даацтай таниулж яваа
“Хасын Хүлэгүүд”-ийн босоо амжилтууд


“Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хүртэж, Монголын сагсан бөмбөгийн түүхэнд шинэ хуудсыг нээв
Сагсан бөмбөгийн 20 жилийн түүхтэй “Хасын хүлгүүд” дээд лигт ес дахь удаагаа түрүүлж, Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хүртсэн амжилтыг “Urug.mn” сайтаас онцолж байна.
19 жилийн хугацаанд тус багийн МСБХ-ны дээд лигийн амжилтын товчооныг хүргэе.
- 9 удаа алтан медаль
- 7 удаа мөнгөн медаль
- 4 удаа хүрэл медаль
Тэд 2006 оноос хойш оролцсон дээд лигийн тэмцээн бүртээ медалийн тавцанд зогсож байсан хүчирхэг баг юм. “Хасын Хүлэгүүд” багийнхан Үндэсний дээд лигээс гадна Азийн аваргуудын лигийн Зүүн Азийн аварга болон хүрэл медаль хүртэж, тивийнхээ шилдэг гурван багийн нэг болсон юм.
Бяцхан зүрхэндээ баавартай том мөрөөдлийг тээж яваа холимог тулаанч охин Б.Алтанчимэг


Бага балчир хэдий ч том зорилго тээсэн охин Холимог тулааны залуучуудын дэлхийн аварга болов
“One team” клубын тамирчин, холимог тулааны Ази тивийн АШТ-ний хүрэл, ДАШТ-ний хүрэл медальт Байгалмаагийн Алтанчимэг. Тэрбээр 2024 оны ДАШТ-ний хүрэл медалиа хослуулан залуучуудын Дэлхийн аварга болж, Монгол төрийн дууллаа эгшиглүүлж чадсан юм.
Монголын холимог тулааны спортод хүсэл тэмүүлэл, дайчин чадвар, хичээнгүй, тууштай хөдөлмөрөөр зүтгэсээр 1-хэн жилийн дотор ийт томоохон амжилт, ялалтыг үзүүлж яваа биедээ баймгүй чадварлаг, зүтгэлтэй охин. 2023 оноос таеквондогийн спортоор хичээллээд эхэлснээс хойш жюү жицүгээр хичээллэж, улмаар холимог тулааны “One team” клубт нэг л өдөр зориглон хөл тавьсан нь мөрөөдлийнхөө спортыг олж, өөрийгөө нээсэн түүх байв.
Өдгөө 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээндээ даагаа нэхэхээр бэлтгэж буй.
Мото спортын шилдэг үеийн өнгө төрх МУГТ Эрдэнэбилэгийн Халиунболд


Монголын мотоспортын нүүр царай болсон шилдгүүдийн нэг нь яах аргагүй Олон улсын хэмжээний мастер, МУГТ Э.Халиунболд билээ.
Тэрбээр анхлан мотоспортын тамирчин Ш.Эрдэнэбилэг аавыгаа дагаж эл экстрим, эр зоригийн илэрхийлэл болсон төрлөөр хичээллэх болсон. Тэгвэл Э.Халиунболд их спортдоо эргэн ирж, “Тал нутгаас Дакарт” төслийн багийн нэгэн эд эс болж яваа. Уг төслийн зохицуулагч Э.Ууган-Эрдэнээр ахлуулсан баг амжилттай урагшилж, “Дакар”-т оролцоно.
Бага Дакар буюу Мароккогийн Ралли ДАШТ-ний 5 дахь цуврал гараанд амжилттай бариалан, дэлхийн шилдгүүдийг ардаа орхиж, 116 тамирчнаас цойлон гарч ирсэн МУГТ Э.Халиунболд энэ жил их спортдоо эргэн ирсэн. Тэрбээр “Дакар Ралли-2026” уралдаанд өрсөлдөхөөр төслийн багийн хамтаар Саудын Арабыг зориод буй.
Мото спортын 2 дахь үеийн залгамж халаа буюу аавынхаа спортын замналыг
үргэлжлүүлж яваа ОУХМ Пүрэвдоржийн Мөрөн


“Дакар Ралли-2025” уралдаанд амжилттай оролцон финиш хийсэн ОУХМ Пүрэвдоржийн Мөрөн дараагийн Дакартаа хүч сорихоор бэлтгэж буй.
Тэрбээр долоодугаар сарын 12-ноос 22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын бартаат замын нэр хүндтэй уралдаан “Silk Way Rally-2025” уралдаанд Могол Улсаа төлөөлөн амжилттай оролцон түрүүлсэн юм. Ингэснээр Олон Улсын Хэмжээний Мастер П.Мөрөн оролцож 11 хоногийн турш 5,000 км бартаат замыг амжилттай туулж, мотоциклын төрөлд тэргүүлэн, “Цагаан Арслан” цомын эзнээр шалгарсан.
Монгол Улсаас “Дакар Ралли-2026”-д уралдах хоёр тамирчнаа Монголчууд бид захыг нь мушгих өдрүүд ойртсоор байна.
Ийн 2025 онд Монгол Улсын нэрийн хуудас болсон спортын салбарын баг, тамирчин, дасгалжуулагч нарын амжилт, ялалт өнгөтэй гялалзлаа. Ирэх 2026 ондоо Монголчууд илүү их амжилт, ялалтаар дүүрэн, медалийн богц дүүрэн байх болтугай.






