
1950-иад онд Францын кино урлагт хувьсгал хийж, “секс бэлгэ тэмдэг” болсон Францын жүжигчин, дуучин Брижит Бардо 91 насандаа таалал төгсжээ.
50 орчим кинонд дүрээ мөнхөлсөн тэрээр 1934 онд Францын чинээлэг гэр бүлд мэндэлжээ. Балетын бүжигчин болохоор Парисын консерваторт суралцаж байсан Брижит Бардо 1950 онд 15-хан насандаа Elle сэтгүүлийн нүүрийг чимснээр кинонд тоглох анхны урилгаа авч байжээ.
Жүжигчдийн сонгон шалгаруулалтад оролцож байхдаа Брижит Бардо найруулагч Роже Вадимтай анх танилцаж, 1952 онд 18 нас хүрснийхээ дараа Роже Вадимтай гэр бүл болж байжээ.
1956 онд нөхрийнхөө найруулсан “And God Created Woman” уран сайхны кинонд бүтээсэн дүрээрээ Брижит олон улсад танигдаж, Францын урдаа барьдаг жүжигчдийн тоонд багтсан юм.
1959 онд Францын зохиолч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Симона де Бовуар Б.Бардог Францын хамгийн эрх чөлөөтэй эмэгтэйгээр нэрлэж, 1969 онд Б.Бардо Франц улсын бэлгэ тэмдэг Марианнагийн нүүр царайгаар тодорч байв.
Тэрээр амьдралынхаа туршид 4 удаа гэрлэсэн ба Францын жүжигчин, продюсер Жак Шаррьетэй гэр бүл байхдаа 1960 онд хүүтэй болж байв.
Дотоод, гадаадын 50 орчим кинонд дүрээ мөнхөлсөн тэрээр 1973 онд 39 насандаа кино урлагийн карьераа орхиж буйгаа зарласан юм.
Тэрээр амьтны эрхийг хамгаалах үйлсэд зүтгэх болж, 1977 онд далайн хавыг агнахыг эсэргүүцсэн хөдөлгөөнд нэгдэж, 1986 онд зэрлэг болон гэрийн тэжээмэл амьтдын эрхийг хамгаалах Брижит Бардо санг байгуулжээ.
1980-аад онд хөхний хорт хавдартай тэмцэн ялсан тэрээр үндэстэн хооронд хагарал үүсгэхийг оролдсон хэргээр 5 удаа шүүхэд дуудагдаж байжээ. Б.Бардо лалын шашны нөлөө, цагаачдын эсрэг байр суурь баримталдаг байсан бөгөөд уг үзэл бодлынхоо үндсэн дээр Францын улс төрд нэр хүндтэй Ле Пений гэр бүлтэй нөхөрлөх болж, “Үндэсний фронт” намыг ил тод дэмжих болжээ.
Эх сурвалж: BBC






