
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нар ОХУ-Украины дайныг дуусгаж, энхийг тогтоох явдалд томоохон ахиц дэвшил гарсан тухай мэдэгджээ.
Ерөнхийлөгч Д.Трампын Флорида дахь Мар-а-Лаго эдлэнд хийсэн уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхийлөгч Д.Трамп В.Зеленскийтэй Вашингтоны боловсруулсан энхийн гэрээнд тусгасан нийт заалтуудын 95 хувь дээр зөвшилцөлд хүрч чадсан гэдгийг онцолжээ.
Талууд Донбассын бүс нутаг хэний мэдэлд үлдэх тал дээр шийдэлд хүрч чадаагүй ба Украины Ерөнхийлөгч В.Зеленский уг асуудал дээр Украины байр суурь тодорхой бөгөөд ОХУ-ынхаас өөр байгааг дурджээ.
Ерөнхийлөгч В.Зеленский Донбассын асуудлыг Украины ард түмэн эсвэл ард түмнийг төлөөлж буй хууль тогтоогчид шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа нь энхийг гэрээг мухардалд оруулаад байгаа аж. Киев бүх нийтийн санал асуулга явуулж, санал асуулгын бэлтгэл ажил, санал хураалт явагдах үед талууд галаа зогсоох хэрэгтэй гэсэн нөхцөл тавьж байгаа бол ОХУ уг нөхцөлийг зөвшөөрөхөөс татгалзсаар байгаа юм.
Түүнээс гадна Украины төрийн тэргүүн Украины хувьд аюулгүй байдлын баталгаа нь нутаг дэвсгэрийн маргаанаас илүү чухал болохыг онцолсон бол Ерөнхийлөгч Д.Трамп Украины парламентын өмнө гарч, энхийн гэрээний ач холбогдлын тухай үг хэлэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ.
В.Зеленскийтэй хийсэн уулзалтынхаа өмнө Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярилцсан ба В.Путин Донбассын бүс нутгийн асуудал ОХУ-ын хувьд чухал болохыг онцолсон бол В.Путины туслах Юрий Ушаков Киев Донбассын асуудал дээр зоригтой бөгөөд хариуцлагатай улс төрийн шийдэл гаргах хэрэгтэй хэмээн мэдэгджээ.
Ю.Ушаковын мэдээлснээр В.Путин, Д.Трамп хоёр Д.Трампын В.Зеленскийтэй хийх уулзалтын дараа дахин утсаар холбогдон ярилцахаар тохирсон аж.
ОХУ-Украины дайн хэзээ дуусах вэ гэсэн асуултад Д.Трамп, В.Зеленский хоёр удахгүй гэж хариулсан ч Донбассын асуудал дээр талууд зөвшилцөлд хүрч чадахгүй бол Вашингтоны дайныг дуусгах төлөвлөгөө мухардалд орох юм.
Эх сурвалж: BBC Nws






