
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сүк Ёлын гэргий Ким Кён Хиг өндөр үнэтэй үнэт эдлэл, их хэмжээний мөнгө авсныхаа хариуд улсын дотоод хэрэгт оролцсон хэрэгт буруутай хэмээн тусгай прокурор энэ даваа гарагт мэдэгджээ.
Ерөнхийлөгч асан Юн Сүк Ёлын өнгөрсөн оны 12-р сард онц байдал зарласан явдлыг мөрдөн шалгах зорилготой тусгай прокурорын шалгалт өнгөрсөн ням гарагт дууссантай холбоотойгоор тусгай прокурор Мин Жүн Ки мэдэгдэл хийжээ.
Прокурорын зүгээс экс тэргүүн хатагтайг БНСУ-ын Ерөнхийлөгчийн гэргий гэсэн статусаа ашиглаж их хэмжээний мөнгө, үнэтэй эд зүйлс авсан, үүнийхээ хариуд төрийн албаны томилгоо, хүний нөөцийн албаны ажилд хөндлөнгөөс оролцсон хэмээн онцолжээ. Тэрээр, “Салбар салбарын өөр өөр ашиг сонирхолтой хүмүүс мөнгө болон төрөл бүрийн эд зүйлс барин тэргүүн хатагтай Ким Кён Хид хүсэлт тавьж, Ким Кён Хи тэдгээр хүсэлтүүдийг нь биелүүлж байсан нь шалгалтын явцад тодорхой болсон.” хэмээн мэдэгджээ.
Энэ сарын эхээр тусгай прокурорын зүгээс авлига, хээл хахуулийн хэргээр хоригдож буй экс тэргүүн хатагтай Ким Кён Хид 15 жилийн хорих ял ноогдуулах хүсэлт тавьсан юм.
Тусгай прокурорын баг тэргүүн хатагтай асан Ким Кён Хид Chanel брэндийн хоёр цүнх, алмазан шигтгээтэй хүзүүний зүүлт зэргийг бэлэглэсэн Эв Нэгдлийн сүмийн тэргүүн Хан Хак Жаг яллагдагчаар татаад байгаа ба Хан Хак Жагийн хувьд сүмийнхэндээ тэргүүн хатагтайд хахууль өгөхийг тушаагаагүй хэмээн мэдэгдээд байгаа юм.
Экс тэргүүн хатагтай Ким Кён Хи өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байгаа ба түүний дараагийн шүүх хурал ирэх сарын 28-нд зарлагджээ.
Эх сурвалж: Reuters






