
Өнгөрсөн баасан гарагт Малайзын Дээд шүүх тус улсын Ерөнхий сайд асан Нажиб Разакт албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан хэргээр 15 жилийн хорих ял, 2.8 тэрбум ам.долларын торгууль ноогдуулжээ.
Малайзын хууль сахиулагчид болон АНУ-ын мөрдөгчид Малайзын экс Ерөнхий сайд Нажиб Разакийг 2009 онд байгуулагдсан үндэсний хөрөнгө оруулалтын 1Malaysia Development Berhad (1MDB) сангаас 9 жилийн хугацаанд багадаа 4.5 тэрбум ам.долларыг шамшигдуулсан болохыг тогтоосон билээ.
1MDB сангаас алга болсон мөнгөний 1 тэрбум гаруй ам.доллар нь 72 настай Нажиб Разактай холбоотой данснууд руу шилжсэн нь шалгалтын явцад тогтоогдсон бол экс Ерөнхий сайд өөрийгөө Малайзын түүхэн дэх санхүүгийн хамгийн том дуулианы хохирогч хэмээн мэдэгджээ.
Дээд шүүхийн шүүгч Коллин Лоуренс Секуэра шийдвэрээ танилцуулах явцдаа яллагдагч Нажиб Разак өөрийг нь 1MDB сангийн ажилтнууд удаа дараа хуурч, түүнийг хэргийг гол буруутан болгосон гэдэгт үнэмшилгүй байсныг онцолжээ.
Нажиб Разакийг албан тушаалаа урвуулан ашигласан 4 хэрэг, мөнгө угаасан 21 хэрэгт буруутайг тогтоогоод байгаа аж.
2020 онд 1MDB сантай холбоотой өөр хэргээр яллаж, хорих ял оноосон нь 2028 онд дуусах ба баасан гарагт Дээд шүүхээс оноосон хорих ял нь 2028 онд өмнөх ялын хугацаа нь дуусахаар эхлэх аж.
Түүнчлэн тэрээр шүүхээс оногдуулсан 2.82 тэрбум ам.долларын торгуулиа төлж чадахгүй бол шоронд хоригдох ялын хугацаа нь уртсаад явах аж.
Нажиб Разакт 1MDB санг байгуулахад тусалсан санхүүч Жо Лоу болон бусад албан тушаалтнууд тус сангаас шамшигдуулсан мөнгөөр хувийн онгоц, далбаат завь, зочид буудал, урлагийн бүтээл, үнэт эдлэл зэргийг худалдан авахаас гадна Холливүүдийн “The Wolf of Wall Street” уран сайхны киног хүртэл санхүүжүүлжээ.
Эх сурвалж: Reuters






