
О.Батхүү: Дэлхийн хоёр медальтан төрөн гарсан сайхан жил байлаа
Монголын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 27 (өвөл, зун, пара) спортын төрөлд 57 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 250 тамирчин бэлтгэл сургуулилтаа хангаж, тэмцээн уралдаанд оролцсон.
Үндэсний шигшээ багийн тамирчид улиран одож буй онд 91 тэмцээн, дотоодын 24 цугларалт, гадаадын 11 цугларалтад хамрагдсан бөгөөд нийт 148 медаль хүртжээ.
2025 онд Монголын боксчид амжилт дүүрэн байлаа. Тэд Европын цуврал тэмцээн, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцсон. Тэр дундаа Английн Ливерпүүл хотноо болсон сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-нд 5 ширэн бээлийтэн медалийн төлөө тунаж үлдсэн. Ингээд хоёр тамирчин буюу Олон улсын хэмжээний мастер Л.Алтанцэцэг, эрэгтэйчүүдээс залуу тамирчин А.Баттулга нар медалийн тавцанд зогссон билээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд “ОБЕГ”-ын харъяа “Аврагч” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Лутсайханы Алтанцэцэг хүрэл медаль
Эрэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд “Алдар” спорт хорооны боксчин, Алдархишигийн Баттулга мөнгөн медаль тус тус зүүсэн.

Л.Алтанцэцэгийн хувьд 2023 ДАШТ-ий мөнгөн медалиа хослуулан, ийн дэлхийн аваргын хос медальт тамирчин болж, боксын спортын түүхэнд нэгэн шинэ түүх бүтээсэн билээ.
Ингээд бид баг тамирчдаа дасгалжуулан тэмцээн уралдаанд амжилттай оролцож, багаа удирдаж чадсан амжилтаараа “Бөртэ чоно-20255” эзэн болсон боксын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүүтэй цөөн хором ярилцав.
-Сайн байна уу? Юуны өмнө баяр хүргэе.
-Сайн сайн байна уу. Монголын боксын холбооны хамт олондоо бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд миний бие энэ сайхан агуу спортод холбогдоод 30 орчим жил болж байна. Үнэхээр их баяртай байна.
-Таны хувьд боксын спорттой хэдэн оноос холбогдож эхлэв?
-Миний хувьд дасгалжуулагчийн карьераа 2017 оноос эхлүүлсэн. Шигшээ баг дээр ажиллаад 2 жил болж байна. Тэгээд маш их баяртай байна.
Мөн Отгончулууны Батхүүд энэ шагналыг өгч байгаа боловч ар талд нь үндэсний шигшээ багийн хамт олон, дасгалжуулагч нар, дасгалжуулагч нарын баг, тамирчид боксын холбооны удирдлагууд гээд бүх л хүмүүсийн хүч хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг авч байна гэж ойлгож байна.


-Аливаа шагнал тухайн эзэндээ илүү их эрч хүч, урам зориг өгдөг болов уу?
-Тийм. Маш их урам зориг авлаа. Намайг илүү сайн ажиллаарай. Хийж бүтээсэн хөдөлмөрөө амжилт, ялалтаар дүүрэн үргэлжлүүлээрэй хэмээн хурцалж байгаа шагнал юм болов уу гэж ойлгож байна.
-2025 онд боксчид амжилт дүүрэн байлаа. Дүгнээд хэлбэл?
-Монголын боксын холбоо он гарснаас хойш цаг алдалгүй олон даацтай тэмцээн уралдаанд сайн оролцохын зэрэгцээ бэлтгэл сургуулилт сайтай байсны хүчинд амжилтууд сайхан байлаа. Английн Ливерпүүл хотноо болсон ДАШТ-д 5 тамирчин медалийн төлөө гарч ирж, мөнгө болон хүрэл медаль авсандаа маш их баяртай байгаа.
Дэлхийн боксын холбооноос сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2 жилд нэг удаа зохион байгуулдаг. Энэ ч утгаараа өрсөлдөөн их, тамирчид ч хүчтэй, зохион байгуулалт чанартай болдог.
2026 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болохгүй. 2027 онд зохиогдоно.


Хамгийн гол тэмцээн бол ирэх 2026 онд Монгол улсад зохион байгуулагдах насанд хүрэгчдийн эмэгтэй, эрэгтэй
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн юм.
2026 оны 3 дугаар сард Монгол Улсад зохион байгуулах тус тэмцээнд дэлхийн бүх л шилдэг ширэн бээлийтэн гол анхаарлаа хандуулан, бэлтгэж байгаа болов уу.
Үүний дараа ирэх оны 9 сард Японд болох Азийн наадам гэсэн 2 тэмцээн гол анхаарлаа хандуулж байна даа.
Ярилцсанд баярлалаа.
Видео ярилцлага БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






