
АНУ Украинд аюулгүй байдлын 15 жилийн баталгаа өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн тухай Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Axios сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тэрээр 15 жил хангалтгүй гэж үзэж байгаа ба ирэх ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай хийх уулзалтын үеэр Америкийн төрийн тэргүүн түүнтэй санал нийлнэ гэж найдаж байгаа аж. Ерөнхийлөгч Д.Трампын зүгээс Киевт аюулгүй байдлын урт хугацааны баталгаа өгөх шийдвэр гаргах нь Киевийн хувьд том амжилт байх болно хэмээн В.Зеленский онцолжээ.
Түүний хэлснээр Киевт өгөх аюулгүй байдлын баталгааг АНУ болон Украины хууль тогтоох байгууллагууд баталж, хүчин төгөлдөр болгох ёстой аж.
Ерөнхийлөгч В.Зеленский ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай хийх уулзалтын үеэр АНУ-ын санаачилсан энхийн гэрээнд Киев газар нутгийнхаа тодорхой хувийг ОХУ-ын хяналтад өгнө гэж заасан явдлыг хэлэлцэж, уг заалтыг Киевт илүү ашигтайгаар шийдвэрлэх тохиролцоонд хүрэхийг хүсэж байгаа аж.
Талууд тохиролцоонд хүрч чадахгүй бол шийдэлд хүрэх хамгийн шилдэг арга бол энхийн гэрээнд тусгасан 20 заалтыг бүгдийг нь бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэх явдал гэж В.Зеленский үзэж байгаа аж.
Тэрээр бүх нийтийн санал асуулга явуулахын тулд талууд багадаа 60 хоног галаа зогсоох ёстой гэж үзэж байгаа ба галаа зогсоохгүйгээр бүх нийтийн санал асуулга явуулах нь утгагүй гэжээ.
Axios сайтад бичсэнээр ОХУ бүх нийтийн санал асуулга явуулахын тулд талууд галаа зогсоох ёстой гэдэгтэй санал нэг байгаа ч үүнд 60-аас бага хоног шаардлагатай гэж үзэж байгаа аж.
Украины Ерөнхийлөгч В.Зеленский, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар Флорида мужид энэ сарын 28-нд уулзахаар төлөвлөсөн ба уг уулзалтаас өмнө Д.Трамп, В.Зеленский нар Европын удирдагчидтай ОХУ-Украины асуудлаар цахим уулзалт хийх аж.
Эх сурвалж: Axios






