
2025.11.04-ны өдөр монгол дахь шашны гаж урсгал болох Шинэ тэнгэр газар урсгалын Монгол сувд сүмд явдаг ээж нь цуглаан дээрээ нас барсан тохиолдол гарч хүүхдүүд нь хэвлэлийн бага хурал хийж байсан. Үүний мөрөөр Өрөг.мн сайтын сурвалжлах баг 2025.11.15-ны өдөр “Шашны сүүдэр:Шинэ тэнгэр газар” эрэн сурвалжлах нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байв. Нэвтрүүлгийг ЭНД дарж үзнэ үү.
Шинэ тэнгэр газар шашны урсгал нь Солонгос Улсын иргэн И Ман Хи гэх хүнийг тахин шүтүүлдэг. Ингэхдээ “Библийг цорын ганц үнэн зөв тайлбарлах чадвартай хүн” гэж итгэгчдэд ойлгуулж, Христийн бусад бүх сүмийг “ялзарсан, бурхны сургаалыг гажуудуулсан, Библийг буруу тайлбарлагчид” гэж шүүмжилдэг нь сүсэгтнүүдийг өмнөх итгэлээс нь салгах, өөртөө төвлөрүүлэх манипуляцын түгээмэл хэлбэр гэж судлаачид тайлбарладаг.
Судлаачдын тайлбарласнаар Шинчонжид элссэн хүмүүсийн олонх нь И Ман Хигийн ярьдаг Илчлэлийн номын тайлбар, “Сонгогдсон 144 мянган аврагдагсад”-ын тухай онолд татагддаг. Харин эсэргүүцэгчдийн зүгээс түүнийг шашны удирдагчаас илүү эрх мэдэл, байгууллагын хяналтад төвлөрсөн бизнесийн шинжтэй хүн хэмээн дүгнэх нь түгээмэл.
Тус шашны урсгалын “Монгол сувд” сүмд 2016 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас нэг жилийн зөвшөөрөл олгосон ч иргэдийн хүсэлтээр эрхийг нь түдгэлзүүлсэн байдаг. Гэтэл Монгол Сувд сүм шүүхэд хандаж тус шийдвэрийг цуцлуулсан боловч эрхийг нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас дахин сунгаж өгөөгүй. Иймээс одоог хүртэл албан ёсны зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.


Энэхүү шашны байгууллага нь Монголд номлол сургаалиа дэлгэрүүлж, хүмүүсийг элсүүлэх, үйл ажиллагаагаа сурталчлахдаа Эрүүл амьдрах төв, Англи, Солонгос хэлний сургалтын төв, Оюунлаг төв, Сэтгэл заслын төвийн сургалт гэх мэт үйл ажиллагаагаар үр жимсээ хурааж, сайн мэдээ түгээх нэрийдлээр хүмүүсийн хэрэгцээнд тулгуурлан хуурч сургалтандаа элсүүлдэг. Үүний дараа тархи угаалт явагдаж нэг мэдэхэд тус шашинд гүн итгэж, түүнийг нь эсэргүүцсэн хүн бүрийг “Сатан” гэж дууддаг байна.
Ийнхүү зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа “Монгол сувд” сүмийн асуудал хөндөгдөж, шашны гаж урсгалын талаарх мэдээлэл нийтэд хүрсэн ч одоог хүртэл түүнийг шийдэх ямар ч арга хэмжээ авагдахгүй байгаа юм.


2025.12.24-ны өдөр Монгол сувд сүм “МСС-2026” арга хэмжээг Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулсан явдал байв. Ингэхдээ хөдөө орон нутаг болон нийслэлийн 3000 гаруй итгэгчдээ цуглуулж гарт нь такс зүүлгэн өөр хүн огт нэвтрүүлэхгүй “Манай сургалтыг төгссөн хүмүүс л орох боломжтой” гэх хатуу шаарддлагыг тавьж байв. Энэ үеэрээ тус шашны төлөөлөгч И Ман Хи гэх хүний дагалдагч гадаадын иргэдийг арга хэмжээндээ оролцуулсан тохиолдол илэрч үүний мөрөөр Гадаад иргэн, харьяатын газар яаралтай шалгалт явуулахад тус иргэд “Аяллын визээр орж ирсэн” зөрчил илэрчээ.
Гадаадын иргэн харьяатын газрын олон нийттэй харилцах ахлах мэргэжилтэн Ч.Гантуяа:
“Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийлээ. Хяналт шалгалтаар визгүй зорчих нөхцөлийн дагуу орж ирсэн 2 орны 8 иргэн нь “Монгол сувд сүм” шашны байгууллагын үйл ажиллагаанд оролцож, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хууль, тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон.
Иймд тухайн иргэдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргахаар ажиллаж байна” гэв.
Энэ зөвхөн нэг жишээ бөгөөд цаашид яаралтай арга хэмжээ авахгүй бол олон иргэд шашны гаж урсгалын хохирогч болж тархиа угаалган гэр бүлүүд хөндийрч, эхнэр, нөхрүүд салж, олон хүүхэд өнчирч, Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц асуудал үүсч байна.


Шинэ тэнгэр газар шашны урсгалаас болж салсан гэр бүлийн хуулийн дүгнэлт







Жинхэнэ Бурхны тухай Дэлхийн олон оронд судалдаг Библийг судалж мэдэж болдог.Библийг ашиг болгох хэрэгсэл болгож гуйвуулж хүмүүсиыг төөрөлдүүлдэг христийн
гаж урсгалыг ялгаж салгах. хэрэгтэй.