
Мансуурсан байдалтай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа бусдад хутгалж гэмтэл учруулсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тодруулбал, энэ сарын 20-ны өдөр “Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрэл дохиотой уулзвар дээр танихгүй хүн миний гар руу хутгаллаа” гэсэн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалт явуулахад 20 гаруй насны иргэн мансуурсан үедээ Toyota Crown маркийн, улсын дугаар тодорхойгүй тээврийн хэрэгслийг жолоодон явж, гэрлэн дохионы орчимд байсан иргэнийг хутгаар зүсэж, биед нь гэмтэл учруулсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Хэргийн газраас эд мөрийн баримтаар бор шаргал өнгийн, модон иштэй, 27 см урт хутга болон мансууруулах үйлчилгээтэй эмийн төрлийн зүйлсийг хураан авчээ.
Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт өсвөр болон залуу насны иргэд олноор холбогдох нөхцөл байдал ажиглагдаж байгаа тул эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, тэдний ойр орчин, харилцаанд анхаарал хандуулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.






