
2013 онд Өмнөд Солонгосын эрх баригчид видео тоглоомыг хар тамхи, мөрийтэй тоглоом, архи, согтууруулах ундаа зэрэгтэй адил хүнийг амархан донтуулдаг зүйлсийн тоонд оруулж, видео тоглоомыг нэг ёсондоо “донтуулагч бодис” гэж ангилах тухай хуулийн төслийг санаачилж байв.
Тэгвэл энэ оны 10-р сард БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён видео тоглоомууд нь “донтуулагч” биш хэмээн тунхаглаж, өмнөх засгийн газруудын бодлогоос эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. 2019-2023 онд БНСУ-ын видео тоглоомын зах зээл 47 хувиар өргөжиж, 22.96 их наяд воны үнэд хүрчээ.
Мөн видео тоглоомын экспортын хэмжээ нь 41 хувиар өсөж, 10.96 их наяд вонд хүрсэн байна. Өмнөд Солонгосын видео тоглоомын экспорт нь тус улсын гадаадад нийлүүлж буй бүх контентын 2/3-ыг эзэлж, к-поп зэрэг соёл урлагийн салбарын контентуудыг ардаа орхижээ. Esport нь БНСУ-ын видео тоглоомын салбарын салшгүй нэг хэсэг юм. Үүнд цахим спортын мэргэжлийн лигийн болон баг, тамирчид хооронд тэмцээн уралдаан зохион байгуулах зэрэг багтах аж.
2023 онд БНСУ-ын Esport-н салбар бусад салбаруудтай харьцуулахад харьцангуй бага буюу 257 тэрбум воноор үнэлэгдэж байсан ч видео тоглоомын салбарын маркетинг, сурталчилгаа, хөрөнгө оруулалт зэргийг тодорхойлоход гол үүрэг гүйцэтгэжээ. Өнөөдөр БНСУ-ын видео тоглоомын салбар дэлхийд 4-т буюу АНУ, БНХАУ болон Япон улсын араас бичигдэж байна. Цагтаа өсвөр насныханд шөнийн цагаар видео тоглоом тоглохыг хориглож байсан улсад өнөөдөр esport-н мэргэжлийн тамирчин нь хууль ёсонд нийцсэн төдийгүй маш өндөр орлоготой ажлын байруудын нэг болжээ. 1990-ээд онд БНСУ цахим салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийж эхэлжээ.
Интернэт кафе буюу солонгосуудын хэлж заншсанаар “PC bang” олноор байгуулагдаж, өнөөдөр тус улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй интернэт кафенуудын тоо 7800-д хүрчээ. 2000-аад оны сүүлээс эхлэн StarCraft зэрэг видео тоглоомуудаар мэргэжлийн тэмцээн уралдаанууд танхим дүүрэн үзэгчидтэй зохион байгуулагдах болов. Телевизийн сувгууд мэргэжлийн лигийн тэмцээнүүдтэй болж, Samsung, SK Telecom, KT зэрэг томоохон корпорацууд цахим спортын багуудыг ивээн тэтгэдэг болжээ.
Өнөөдөр боловсролын байгууллагууд, их дээд сургуулиуд цахим спортын хөтөлбөртэй болж, зарим нь видео тоглоомын салбартай холбоотой мэргэжил олгож, цахим спортын тэмцээн уралдааныг зурагтаар болон интернэтээр шууд нэвтрүүлж, цахим спортын баг тамирчид олон мянган шүтэн бишрэгчтэй болоод байгаа билээ. Өндөр амжилттай яваа esport-н тамирчид олон сая долларын цалин, шагнал урамшуулал авдаг гэдгийг ч дурдахгүй өнгөрөх аргагүй юм.
Түүнчлэн цахим спортын тамирчдыг бэлддэг академиуд хүртэл бий болоод байгаа билээ. БНСУ-ын Nongshim Esports академийн гүйцэтгэх захирал Эван Огийн хэлснээр академид нь суралцаж буй хүүхэд залуусын 1-2 хувь нь мэргэжлийн тамирчин эсвэл esport-той холбоотой ажилд ордог ба энэ нь ч чамлахааргүй үзүүлэлт аж. 2018 онд байгуулагдсан Nongshim Esports академиас л гэхэд esport-н мэргэжлийн 42 тамирчин гарчээ.
Цахим спортын академид элсэн орж суралцах нь нэр хүндтэй их сургуульд суралцахтай л адил аж. Академид суралцагчид өдрийнхөө ихэнх цагийг видео тоглом тоглож, тоглоомоо судалж, багийн стратеги боловсруулж, сэтгэл зүйгээ бэлдэх зэрэгт зарцуулдаг аж. БНСУ-ын Боловсролын яамнаас бага ангийн хөвгүүдийн дунд явуулсан санал асуулгаар том болоод ямар мэргэжилтэй болохыг хүсдэг талаараа дурдахдаа цахим спортын мэргэжлийн тамирчин болох гэсэн хариултыг нэг бус удаа дурджээ.
Нөгөө талаас esport-н тамирчны карьер 30 наснаас өмнө дуусах нь элбэг бөгөөд Өмнөд Солонгосын эрчүүдийн хувьд хугацаат цэргийн алба заавал хаах ёстой байдаг нь карьерт нь сөргөөр нөлөөлдөг аж.






