
Спортын тамирчин, дасгалжуулагчаас гадна Монгол Улсынхаа нэрийн өмнөөс томоохон тэмцээн уралдаан, тэр дундаа Олимпын наадмыг шүүн дэнсэлнэ гэдэг нь нэр төрийн хэрэг билээ. Ингэхдээ олимпын наадам, ДАШТ, томоохон тив, дэлхийн чанартай тэмцээнийг шүүн дэнслэх шүүгчдийн бүрэлдэхүүнийг сонгохдоо тодорхой өндөр хэмжээний шалгуураар сонгож авдаг.
Монгол Улсаас зуны олимпын нэлээд хэдэн наадмыг бокс, хүндийн өргөлт, жүдо бөхийн төрөлд шүүгчээр сонгогдон шүүн ажиллаж байсан.

Ингээд боксын спортын олимпын зэрэглэлийн шүүгч, “Парис-2024” зуны олимпын наадмыг шүүн дэнсэлсэн “Бөртэ чоно-2025” эзэн, Олон улсын шүүгч Б.Атарбаяртай цөөн хором ярилцсанаа хүргэе.


Боксын ОУХМ, Олон улсын шүүгч Б.Атарбаяр: Олимпын наадмыг шүүн дэнсэлнэ гэдэг нэр төрийн хэрэг
-Сайн байна уу? Юуны өмнө “Бөртэ чоно-2025” эзнээр тодорч, оны шилдэг шүүгч болсонд нь баяр хүргэе?
-Сайн байна уу. Маш их баярлалаа. Монголын Боксын холбооны хамт олондоо бас ирж буй шинэ оны мэндийг дэвшүүлье.
-Таны хувьд боксын спорттой холбогдоод хэдэн жилийг үдэж байна вэ?
-Миний хувьд боксын спорттой холбогдоод 34 жил болж байна. Боксын спортын тамирчны замналаас эхлэлтэй. Ингээд 2012 оноос хойш шүүгчээр ажиллаж байна.
-Хэзээнээс Олон улсын шүүгчээр ажиллаж эхэлсэн бэ?
-2013 оноос хойш олон улсын шүүгчээр тасралтгүй ажиллаж байна. Тамирчин байхаас эхлээд дурлаж хийж буй ажил маань энэ болохоор ажил, мэргэжлээрээ маш их бахархдаг даа.


-Боксын спортод шүүн дэнсэлнэ гэдэг нь ма их ур чадвар, гярхай байх, туршлага гээд олон чадварыг шүүгчээс шаарддаг байх?
-Тийм. 2016 оны олимпоос хойш дэлхийн боксын холбоо шинэчлэл хийгээд шүүгч нараа шинэчилсэн. ОУОХ-ноос боксын спортын төрлийг зуны олимпын наадмаас хасна гэдэг асуудал яригдаж эхэлж байсан. Үүнтэй холбоотойгоор боксын холбоо шинээр байгуулагдаж, дэлхийн боксын холбоо буюу World boxing federation шинэ холбоо байгуулагдаад шүүгч нар дээрээ маш их шинэчлэл хийсэн.
Шүүгч нар дээрээ шинэчлэл маш их хийсэн учраас шүүлтийн хувьд алдаа, булхай гэх мэт сөрөг зүйлүүд багасч, өөрчлөгдсөн гэж харж байгаа.


-Олимпын наадам шүүхэд авч буй мэдрэмжээ хуваалцана уу?
-Хамгийн гоё мэдрэмж бол олимпын наадмын боксын тэмцээний рингэн дээр гарч шүүх үйл явц байлаа.
Миний хувьд тамирчин байхдаа олимпын эрх авах тэмцээнд оролцоод авч чадаагүй байсан эрхээ “Парис 2024” оны олимпын наадамд шүүгчээр ажиллах эрхээ авч чадсандаа баяртай байна.


Олимпын наадмын рингэн дээр гараад зогсох мөч бол гайхамшигтай гоё мөч байсан. Үгээр илэрхийлэхийн аргагүй. Тодорхойлж хэлбэл “Цэнгэлийн манлай”-даа хүрсэн гэх юмуу даа.
Ярилцсанд баярлалаа.


Видео ярилцлага БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:







Баяр хүргэе.Сонирхсон зүйлийнхээ оргилд хүрэх шиг амжилт хаа байх вэ? Тууштай хөдөлмөрийн үр дүн шүү Амжилт хүсье