
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, Дэлхийн спортын ноён оргил өвлийн олимпын наадам хөшгөө нээх мөч ойртсоор байна.
Италийн Милан, Кортина д‘Ампеццо хотуудад 2026 оны 02-р сарын 06-22-ний өдрүүдэд зохион байгуулагдах өвлийн олимпын наадамд дэлхийн шилдэг 3,500 гаруй тамирчид 16 спортын төрлөөр 116 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Тасалбарын мэдээлэл
Италийн Альпийн үзэсгэлэнт бүс нутагт 20 жилийн дараа Өвлийн олимп эргэн ирж байна. “Милано Кортина – 2026” Өвлийн олимпын наадмын тасалбар захиалгын бүртгэл 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр эхлэн худалдаанд гарсан.
“Милан Кортина-2026” олимп нь түүхэн дэх хүйсийн тэнцвэрийг хамгийн ихээр хадгалсан Өвлийн олимпын наадам бөгөөд оролцогч тамирчдын 47 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Мөн эмэгтэйчүүдийн хосын льюж чарга, холимог багийн скелетон чарганы төрлүүд нэмэгджээ.
Дэлхийн шилдэг тамирчдын хурд, хүч, авхаалж самбаа, монгол тамирчдынхаа торгон агшин, алтан соёмбот далбаагаа мандуулах бахдам мөчүүдийг спортын дэмжигч, фанатууд бид харах л үлдлээ.
Өвлийн олимпын нээлтийн ёслол
Милан-Кортинад болох олимп 1924 онд анх өвлийн олимп зохиогдож эхэлснээс хойш XXV (25) дахь удаагийнх юм. Өвлийн олимпын 17 өдрийн наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагаа 2026 оны 02 дугаар сарын 06-ны баасан гарагт Милан хотын Сан Сиро цэнгэлдэхэд эхлэх бол 02 сарын 22-ны ням гарагт Верона хотын Верона цэнгэлдэхэд хаалтын ёслолоор өвлийн олимп өндөрлөнө.
Итали улс олимпын наадмыг өмнө нь 3 удаа зохион байгуулж байжээ. Энэ удаагийн олимп Италид болох 4 дэх удаагийн наадам. 25 дахь удаагийн өвлийн олимп Италийн Милан, Кортина хотод болно. Энэ нь өвлийн олимпыг анх удаа 2 өөр хотод зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлог. “Милан-Кортина” өвлийн олимпод оролцох тамирчид спортын 16 төрөлд 114 медалийн төлөө өрсөлдөнө.
Уг наадамд ойролцоогоор 100 улсын Үндэсний Олимпын Хороо оролцох төлөвтэй байна. 2022 оны өвлийн олимпод 91 улсын Олимпын Хороо, үүнээс Азийн Олимпын Зөвлөлийн 18 үндэсний хорооны төлөөлөгчид оролцож байв.

Өвлийн олимпын наадмын медалиуд
2026 оны Милан-Кортина өвлийн Олимпын наадмын медалиудыг танилцуулах ёслолын ажиллагаа Италийн Венец хотод өнгөрсөн мягмар гарагт болжээ. Медалиудыг зоос, паспорт, шуудангийн марк зэргийг үйлдвэрлэдэг Istituto Poligrafico e Zecca dello Stato (IPZS) компани үйлдвэрлэлийн хог хаягдал ашиглан, сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг зууханд урлаж байгаа аж.
Италийн усан сэлэлтийн тамирчин, Олимпын аварга Федерика Пеллегрини, Паралимпын Зуны болон Өвлийн наадмын 15 медалийн эзэн Франческа Порселлато нар Милан-Кортина өвлийн Олимпын наадмын медалиудыг Венецийн Палаццо Бальби ордонд болсон ёслолын ажиллагааны үеэр танилцуулсан бөгөөд Олимпын болон Паралимпын наадмын үнэт зүйлсийг харуулсан эдгээр медалиуд нь италичуудын өндөр ур чадвар, инновацийн үр дүн юм гэжээ.
2026 оны Милан-Кортина өвлийн Олимпын наадам ирэх жилийн 2-р сарын 6-наас 22-ны хооронд, Паралимпын наадам 3-р сарын 6-наас 15-ны хооронд зохион байгуулагдах юм. Итали улс өмнө нь 1956 онд Кортинад, 2006 онд Туринд гээд хоёр ч удаа өвлийн Олимпыг наадам зохион байгуулж байсан туршлагатай юм.
Өвлийн паралимпийн наадам
Азийн наадам буюу “Бага олимп”, мөн өвөл, зуны олимпын наадмын дараа паралимпийн тамирчид өрсөлддөг. Уламжлал ёсоор мөн Италид паралимпын өвлийн наадам араас нь залгуулан зохион байгуулагдана.
Өвлийн паралимпын наадмын тухайд 2026 оны 03-р сарын 06-15-ний хооронд зохион байгуулагдах бөгөөд 600 гаруй тамирчид спортын 6 төрөлд 79 багц медалийн төлөө өрсөлдөх болно. Энэ үеэр өвлийн паралимпын наадмын 50 жилийн ой давхцаж байгаагаараа онцлогтой.


Монголын баг тамирчид:
Өвлийн XXV Олимпын наадамд Монгол улс Гүйлтийн цанын төрлөөр 2 тамирчин оролцох эрх аваад байна. Тодруулбал,
- Цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах


- Цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Э.Ариунтунгалаг


- Цанын Үндэсний шигшээ багийн тамирчин А.Ариунбат
Уулын цанын төрөлд Монгол Улсын тамирчид анх удаа эрхээ аваад буй.
Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин Алтанзулын Ариунбат уулын цанын төрлөөр анх удаа олимпын эрх аваад байгаа юм. Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин А.Ариунбат нь Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотын дотор байгууламж дахь цанын баазад зохион байгуулагдсан 4 гараатай олон улсын тэмцээнд 6 дугаар байр эзлэн 88.55 оноо, 7 дугаар байр эзлэн 94.94 оноо тус тус авч, 2026 оны олимпын эрхийн 5 гарааны дундаж оноо 120 онооноос доош байх шаардлага болзлыг биелүүлж 108.18 онооны дунджаар “Милан-Кортина-2026” өвлийн XXV дахь удаагийн олимпод оролцохоор болж, түүхэн амжилт гаргасан.
Ингэснээр Монгол Улсаас “Милан-Кортина-2026” өвлийн олимпт нийтдээ 3 тамирчин оролцохоор болж, эрхээ албан ёсоор баталгаажуулаад байна.






