
Дотоодын цэргийн 05 дугаар ангид цэргүүд нэгнээ шанаадаж ярга, дэг хийсэн үйлдэл дэлгэгдсэн. Энэ бичлэг гарсан даруйд редакцууд руу цэргийн алба хаагчид нууцаар зурвас илгээж дүрмийн бус харьцааг илчилсээр буй.
Гэтэл Дотоодын цэргийн штабын дарга, Бригадын генерал Р.Чингис болон 05-р ангийн захирагч, хурандаа Д.Манлайбаатар нар цэргүүдийн ар гэрээс уучлал ч гуйлгүй биеэ “өмөөрөөд” шахуу өнгөрсөн. Уг ангид 2022 онд ч гэсэн нэгэн цэрэг амь насаа алдаж байсан тохиолдол бий.
Нөгөө талд энэ мэдээг нийгэм “ммнн, тэгж үү”, “алдаж л байдаг юм” хэмээн энгийн нэг үзэгдэл мэт хүлээн авдаг болчихжээ.
Нэгэн цагт буюу ердөө гуравхан жилийн өмнө ганц, хоёрхон сарын дотор л цэргийн ангид дөрвөн залуу амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байлаа.
Сая зодуулсан цэргүүдэд эмнэлгийн байгууллагууд үзлэг хийж буй. Тэд аав, ээждээ хэлэхдээ “асуудлыг битгий дэвэргээрэй, хүүдээ захны цагаан даавуу л аваад ирээрэй” гэсэн гэх. Нөгөө талаас эцэг эх нь хэдэн сарын өмнө хүүгээ эргэхэд нь уруулаа гурван удаа сэт цохиулж оёдол тавиулсан байсныг анзаарсан тухайгаа ярьсан.
Ингээд энэ бүх баримт сэлтийг харвал арай ч аминд нь хүчрихгүйгээр битүүхэн яргалдаг үзэгдэл одоо ч цэргийн ангид байгаа юм байна.
Аз болж хүний амь эрсэдсэнгүй. Гэхдээ хүчирхийллийг өөгшүүлж яав ч болохгүй. Амь насаа алдаагүй ч гэсэн рэмдэг, зэрэмдэг болж насан туршийн зовлон үүрсэн цэргүүдийн тоо ч цөөнгүй. Энхийн цагт өөрийн цэргүүдээ ингэж алдаж, гэмтээж байдаг улс дэлхийд хэр олон бол?
Эргэн сануулахад 2022 оны зөвхөн долоон сард л гэхэд дараах ноцтой хэргүүд гарч байжээ
- Дорнод аймагт байрлах ЗХ-ний 327-р ангийн байлдагч “Х” амь насаа алдсан бөгөөд усанд живсэн гэх мэдээллийг ар гэрт нь өгчээ. Гэвч ар гэрийнхэн нь уг хэрэгт эргэлзэж, zarig.mn сайтад хандан сурвалжлуулах хүсэлт гаргаж байв.
- Өмнөговь аймагт Зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж байсан 19 настай хугацаат цэрэг “Н” баригдаж байсан барилгын хажуугаас нас барсан байдалтай олдсон. Талийгаачийг цэргийн ангиас хувийн компанид ажиллуулж байсан байж болзошгүй бөгөөд энэ хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох нэрийн дор ажлаас нь халах төдийхнөөр асуудлыг намжаасан нь ар гэрийнхний гомдлыг улам ихэсгэж байв.
- 2022 оны 8-р сарын 1-нд 017 дугаар ангийн дэд ахлагч, 22 настай “З” нь ЗХ-ний 065-р ангийн хашаанд тогонд цохиулж амь насаа алдаж байв.
- Дотоодын цэргийн 05-р ангийн 18 настай хугацаат цэрэг З.Н 2022 оны 6-р сарын 16-нд ухаангүй байдалтай Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэн, яаралтай мэс засалд орсон ч харамсалтайгаар нас барж байв
Жил жилийн тоог харвал үүнээс өмнө цэргүүдийг зодож тамласан, дэглэж байгаад эрэмдэг болгосон, амь насыг нь хохироосон хэргүүдийг тоочоод барахгүй.
“Амь хэврэг болсон” гэдэг “балай” үг
Харамсалтай нь, энэ бүхний дараа ч “одооны хүүхдүүд амь хэврэг, бие муутай болсон” гэх хэнэггүй тайлбарыг зарим хүмүүс хэлсээр байна. Гэтэл энэ бол ганц, хоёр хүний биеийн асуудал биш, системийн доголдол гэдэг нь илт.
Хүний эрхийн Үндэсний Комиссын тайланд цэргийн алба хаагчдыг гаднаас нь мэдэгдэхгүйгээр зодож гэмтээх, дарамтлах, бүр бэлгийн хүчирхийлэлд өртүүлсэн кейсүүд ч дурдагдсан нь асуудал хэр гүнзгийрснийг харуулна.
Армийн системд реформ хэрэгтэй байна
Энэ бүхнээс харахад Монгол Улс цэргийн зохион байгуулалт, хяналтын тогтолцоондоо нэн даруй реформ хийх шаардлагатай болжээ. Хэрэв бид өнөөдөр энэ асуудлыг тоохгүй өнгөрвөл “маргааш миний хүүд ийм зүйл тохиолдвол би яах вэ?” гэсэн асуулт хүн бүрийн өмнө тулгарах цаг ирнэ.
БНСУ гэхэд л нийгмийн шахалт, хүний эрхийн асуудлын улмаас цэргийн дүрэм, зохицуулалтаа үе шаттайгаар өөрчилж ирсэн жишээ бий. Өөрчлөх боломж байдаг, гол нь зодуур нүдүүр одоог хүртэл байна шүү гэдгээ ойлгож, хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй.
Цэрэг бол ял биш. Эх орондоо өргөсөн тангараг залуусын амь, эрүүл мэндээр төлөгдөх ёсгүй.






