
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 25-нд Зул сарын баярыг уламжлал болгон тэмдэглэдэг. Христосын шашинтнуудын хамгийн чухал баяруудын нэг болох энэ өдөр Исус Христос мэндэлсэн хэмээн үздэг. Түүхэн эх сурвалжид 431 онд анх Зул сарын баярыг тэмдэглэж эхэлсэн тухай дурдсан байдаг. Өнөөдөр дэлхийн 140 гаруй улс орон уг баярыг албан ёсоор тэмдэглэдэг болжээ.
Европын зарим оронд Зул сарын баяраас нэг сарын өмнө бэлтгэл ажлаа эхлүүлдэг бөгөөд энэ хугацааг Адвент хэмээн нэрлэдэг. Энэ үеэр айл өрхүүд гэр орноо цэвэрлэж, гацуур модоо чимэглэн засдаг. Гацуур мод нь элбэг дэлбэг байдал, мөнхийн амьдралыг бэлгэддэг аж. Мөн үүдэндээ гацуур модны мөчир өлгөж чимэглэх нь түгээмэл. Баярын өмнөх өдрийг улс орон бүр өөр өөрөөр нэрлэдэг. Тухайлбал, Германд энэ өдрийг Хайлигеабенд гэж нэрлэдэг бөгөөд манай битүүний өдөртэй төстэй юм.
Зул сарын баярын өдөр гэр бүлээрээ цугларч, баярын ширээгээ засч тэмдэглэдэг заншилтай. Энэ баяр нь ялангуяа хүүхдүүдийн хамгийн их хүсэн хүлээдэг өдөр юм. Учир нь Санта Клаус буюу Өвлийн өвгөн ирж бэлэг тараадаг хэмээн ярьдаг. Баяраас өмнө хүүхдүүд Өвлийн өвгөнд захидал бичиж, ямар бэлэг авахыг хүсэж байгаагаа илгээдэг уламжлалтай. Харин Санта Клаус хүүхдүүдийг унтсаны дараа ирж, гацуур модны доор бэлгийг нь үлдээгээд явдаг гэнэ. Зарим оронд бэлгийг оймсонд хийж тавьдаг хэмээн ярьдаг.
Зул сарын баярыг мөн гэр бүлийн баяр гэж үздэг тул улс орон бүр өөрийн ёс заншил, уламжлалд тохирсон хоол бэлтгэдэг. Одоо Зул сарын баярыг зарим улс оронд хэрхэн тэмдэглэдгийг товчхон дурдъя.
Герман


Германд Зул сарын баярын өмнө хотуудын төв талбайд Зул сарын зах нээгддэг уламжлалтай. Энд хүмүүс төрөл бүрийн амттан худалдан авахаас гадна халуун дарс буюу глювайн уудаг. Баярын өмнөх хамгийн чухал өдөр болох Хайлигеабендийн өглөө гацуур модоо чимэглэж, орой нь гэр бүлээрээ цуглардаг. Энэ өдөр сүмд очиж мөргөл үйлддэг уламжлалтай. Сүмээс буцаж ирэхэд хүүхдүүдийн бэлэг гацуур модны дор тавигдсан байдаг. Баярын ширээнд шарсан галуу эсвэл нугас, мөн штолен хэмээх үзэмтэй нарийн боов заавал байдаг. Зул сарын баярын дараагийн өдрүүдэд эмээ, өвөө, хамаатан садандаа айлчилж баяраа үргэлжлүүлдэг.
Испани
Испанид Зул сарын баярыг маш хөгжилтэйгээр тэмдэглэдэг. Баярын өдөр хотуудын төв талбайд олон хүн цугларч, үндэсний хувцсаа өмсөн дуулж, бүжиглэдэг. Орой нь гэр бүл, найз нөхөд, хамаатан садантайгаа хамт баярын ширээнд сууна. Арванхоёрдугаар сарын 23–24-нд “El Gordo” хэмээх томоохон сугалаа зохион байгуулдгаараа онцлог. Испаничууд баярын ширээндээ нутгийн онцлогоос шалтгаалан шарсан тугал, тоорой эсвэл цацагт хяруул зэргийг бэлтгэдэг. Хүүхдүүдийн бэлгийг оймс эсвэл гуталд нь хийж өгдөг уламжлалтай.
Итали
Италичууд Зул сарын баярыг “хамгийн амттай баяр” хэмээн нэрлэдэг. Гэр бүлээрээ цугларч, амттай хоол идэхийн зэрэгцээ өнгөрсөн сайхан дурсамжаа ярилцдаг уламжлалтай. Бараг бүх нутгаар баярын ширээнд банштай шөл, гахайн махан хиам, чихэрлэг талх тавьдаг. Зарим бүс нутагт хүмүүс хуучин хувцсаа цонхоороо гарган хаядаг нь өнгөрсөн оны муу бүхнээс салж буйг бэлгэддэг аж. Италийн хойд нутгуудад Зул сарын зах ч мөн гардаг.
АНУ
АНУ-д олон үндэстэн амьдардаг тул Зул сарын баярыг янз бүрийн хэлбэрээр тэмдэглэдэг. Зарим айл шарсан цацагт хяруул, зарим нь төрөл бүрийн шөл, байцаатай хоолоор ширээгээ засна. Баярын өглөө хүүхдүүд сэрэхэд бэлгийг нь гацуур модны дор тавьсан байдаг бөгөөд үүнийг Санта Клаус шөнө ирж үлдээсэн хэмээн тайлбарладаг. Зул сарын өглөөний цайнд рулет идэж, кофе уудаг уламжлалтай.
Их Британи
Их Британид ч мөн Зул сарын баярыг гэр бүлийн баяр хэмээн үздэг. Энэ өдөр гэр бүлээрээ цугларч, шарсан цацагт хяруул, цэлцэгнүүр идэн, бие биедээ бэлэг өгдөг. Баярын ширээнд уламжлалт нарийн боов заавал байдаг бөгөөд дотор нь зоос хийдэг. Зоос таарсан хүн тухайн жилдээ азтай байна хэмээн бэлгэддэг аж.






