
Өнгөрсөн даваа гарагийн өглөө Москва хотод ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын Шуурхай албаны дарга, дэслэгч генерал Фанил Сарваров сууж явсан автомашин нь дэлбэрсний улмаас амиа алджээ.
ОХУ-ын Мөрдөн байцаах албанаас мэдээлснээр тэсрэх бөмбөгийг машины доор байршуулсан байсан ба мөрдөгчид уг хэргийг украины тусгай албаныхан үйлдсэн байж болзошгүй гэсэн хувилбарыг мөн шалгаж байгаа гэжээ.
Telegram дахь Baza сувагт бичсэнээр дэлбэрэлт Ф.Сарваров автомашинтайгаа гэрээсээ холдож амжаагүй байхад болсон ба дэлбэрэлтэд машиных нь урд хэсэг хамгийн ихээр өртсөн байжээ. Дэлбэрэлт болсон газраас 150 метр зайд байрлах орон сууцны барилгад ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагын төвийн хэд хэдэн албан тушаалтан амьдардаг аж.

56 настай Ф.Сарваров 2016 оноос хойш Зэвсэгт хүчний жанжин штабын Шуурхай удирдлагын төвийн даргаар томилогдон ажиллаж байжээ.
Жилийн өмнө 12-р сарын 17-нд ОХУ-ын Цацраг, хими, биологиос хамгаалах зэвсэгт хүчний дарга, дэслэгч генерал Игорь Кириллов гэрийнхээ гадаа тэсрэх бөмбөгийн дэлбэрэлтэд өртөн, туслахынхаа хамт амиа алдсан юм.
Түүнчлэн 4-р сарын 25-нд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын Шуурхай албаны орлогч дарга Ярослав Москалин мөн л автомашинд байршуулсан тэсрэх бөмбөгийн дэлбэрэлтийн улмаас амиа алдсан юм.
Эх сурвалж: bbc.com






