
“Urug.mn” сайтын зүгээс спортын салбарын баг тамирчдын амжилт, ялалтын дүнг багцлан цувралаар хүргэж байгаа билээ. Спорт нь аливаа улс орны нэрийн хуудас байдаг. Тиймээс ч хувь нэг тамирчин бус Монгол улсын нэр л тив, дэлхий, Олон улсын тавцанд цуурайтан дуурсдаг. Спорт бол хэзээд багийн амжилт байдаг. Иймээс бүтэн баг хувь нэг тамирчны ар талд ажиллаж, амжилт, ялалтын төлөө нэгдэж чаддаг юм.
Энэ удаад өөрийн гэсэн онцлогтой, өнгө төрхөө хадгалж тээж яваа Монголын жюү жицүгийн холбооны баг тамирчдын амжилт, ялалтын тухай багцлан хүргэхээр зорилоо. Тэд 2025 онд 130 гаруй медалийг хилийн чанадад болсон тэмцээн уралдаанаас зүүжээ. Үүний 50 орчим хувийг нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медаль эзэлж байна.
Ингээд бид тус холбооны менежер Ганбаатарын Монголжинтой цөөн хором ярилцсанаа хүргэе.

Монголын жюү жицүгийн баг тамирчид энэ онд 130 гаруй медалийг хүртжээ


-Сайн байна уу? 2025 оноо дүгнээд амжилт, медалийн өнгөө нэгтгээд уншигчдад хүргэе?
-Сайн сайн байна уу. 2025 оны хувьд Монголын жюү жицүгийн тамирчдын хувьд тэр дундаа өсвөрийн тамирчдын хувьд нэлээд үсрэнгүй амжилттай, бас том тэмцээнүүдэд медалийн тавцанд олон тамирчид зогсож чадсан жил байлаа. Манайх чинь бүсний ангалиалтай болон ангилалгүй дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болдог. Түүнээс гадна Гранпри, Грандслам, олон улсын интернэйшнл чансаа олгодог тэмцээнүүдэд өсвөр, залуучууд, насанд хүрэгч, мастерс ангиллын тамирчид нийлээд 130 гаруй медаль эх орондоо авчирчээ. Үүнээс 50 орчим хувийг нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бүрдүүлж байна.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 13 алт, 15 мөнгө, 23 хүрэлтэй олон улсын медалийн амжилттай байлаа.
-Үүнээс хэдэн хувийг нь өсвөр үе, залуучуудын ангиллын тамирчид үзүүлсэн бэ?
-Эдгээр медалийн 50 хувийг нь өсвөр үе болон залуучуудын ангиллын тамирчид хүртсэн байна. Яагаад гэхээр Азийн залуучуудын наадам энэ жил зохиогдсон. Энэ утгаараа Монголын баг гоё бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоод, тэндээс нэг мөнгө, 2 хүрэл медальтай ирсэн. Энэ жилийн бас нэгэн онцлог нь Монголын хүүхдийн зуны спортын наадамд жюү жицүгийн спортын төрөл багтан орсон нь шинэлэг байлаа. 8 дахь удаагийн тус наадамд манай баг тамричид амжилттай оролцсон.


Монголын Жюү жицүгийн холбооноос хэрэгжүүлсэн 30 гаруй төслийн 10 орчим нь амжилттай үргэлжилж байгаа
-2026 оны хамгийн эхний дотоодын тэмцээний талаар сонирхоё?
-2026 оны хамгийн эхний тэмцээн улсын аварга шалгаруулах өрсөлдөөн бий. Энэ нь бүсний ангилалтай, ангилалгүй төрлөөр шилдгүүдээ тодруулна. Онцлог нь ангилалгүй улсын аварга шалгаруулах тэмцээн гэдэг нь тив дэлхийд улсаа төлөөлөх тамирчдаа сонгодог гэдэг утгаараа чансаа өндөр, өрсөлдөөн ихтэй байдаг гэсэн үг. Энэ ангилалд улсаа төлөөлөх 2 тамирчин жиндээ сонгогдоно.
2025 оны 1 сарын 15-16-нд бүсний ангилалтай УАШТ, 23-нд Холбоодын нэгдсэн УАШТ-нд тамирчид тус тус оролцоно.
-2026 онд томоохон Олон улсын шинж чанартай тэмцээнүүд хилийн чанадад олон зохиогдоно. Үүнд мэдээж оролцох байх?
-2026 онд том том тэмцээн уралдаан олон зохиогдно. Тодруулбал, Азийн наадам ирэх оны 9 дүгээр сард биднийг хүлээж байна. “Жакарта-2018” Азийн зуны спортын их наадамд монголын жюү жицүгийн тамирчин Ц.Удвал хүрэл медаль хүртэж байлаа. Азийн наадам нь “Бага олимп” хэмээн яригддаг том даацтай өрслдөөн байдаг. Энэ ч утгаараа манай баг тамирчид Азийн наадам мөн Азийн элсний наадам, танхимын их наадам гэхчлэн хэд хэдэн том өрсөлдөөнд оролцохоор бэлтгэж байна.
-Танай холбооноос зорилтот төсөл хөтөлбөрүүд маш ихээр хэрэгжүүлж, цаашлаад амжилттай үргэлжлүүлдэг. Одоогийн байдлаар нийт хэдэн төсөл хөтөлбөрөө амжилттай үргэлжлүүлж байгаа вэ?
-Монголын жюү жицүгийн холбооноос төсөл хөтөлбөрийн хувьд дотоодын яг байгаа клубүүдээ батжуулан чанаржуулж, эд нарынхаа сургалт дээр сургалт болон чанар дээр онцлон ажилладаг. Нийтдээ 30 гаруй төсөл хөтөблөр хэрэгжүүлснээс одоогийн байдлаар 10 гаруй нь амжилттай үргэлжилж байгаа. Манайх сая 2025 онд шинэ удирдах зөвлөл сонгогдоод, шинэ буюу дөрөв дэх ерөнхийлөгчөөр Ганзоригийн Дашням ах маань сонгогдсон байгаа. Одоо тамирчдаа хөгжүүлэх, тамирчдаа цалинжуулж, шигшээ багийг бүрдүүлж чанартай багийг дэлхийд авч явах гэдэг бодлого барьж байгаа учраас энэ бодлогын ч хүрээнд дасгалжуулалт тал дээр нэг түвшин ахисан жил байна гэж харж байна.
Дээрээс нь яг олон улсын түвшинд Монголын гадагшаа ажилласан экспертүүд ийм үсрэнгүй онцлох амжилт байхаар төлөвлөж ажилладаг. Одоо олон улсын болон Азийн жюү жицүгийн холбоонд Монгол Улсаас нэгэн төлөөлөл болж, томоохон албан тушаал хашиж, тэр хэрээр Олон улсад байр сууриа хэдийнээ эзэлчихсэн байгаа гэсэн үг. 2026 ондоо яг ийм хүн бүрт чиглэсэн хөгжлийг бий болгох гэж зорино.
-Тэгэхээр илүү бодлогын түвшинд шинэ ондоо ажлууд төлөвлөсөн гэсэн үг үү?
-Тийм. Аливаа салбарт чадавхжсан боловсон хүчин маш чухал асуудал. Тиймээс дасгалжуулагч нарынхаа ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалт семинарыг зохион байгуулсан. Мөн тамирчид дээрээ илүү төвлөрч, хувь хүний хөгжлийг нь анхааран, ивээн тэтгэгчтэй болгож байна. Жюү жицүгийн спортын маань хувь хүнд яг тохирсон өөрийн гэсэн онцлогтой спорт. Иймээс хэн ч хийж чадах, хүн болгоныг хөгжүүлж чадах учраас цааш нь илүү өргөн дэлгэрүүлэн хөгжүүлэх, далайцтай ажиллах нь бид нарын чухал үүрэг болчхоод байгаа юм.
Төсөл хөтөлбөрүүд гээд сая ярьсанчлан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв дээр анх эхлүүлсэн төсөл маань тэндээсээ тусгаарлаад, өөрөө өөрийгөө хөгжүүлэх даац, чадамжтай болсон. 2 салбартай клуб болоод өөрийгөө хөгжүүлээд, биеэ даан өргөжүүлсэн ийм том төсөл болчихсон байгаа байхгүй юу. Ямар ч эргэлзээгүйгээр хөгжөөд явж байна. Тийшээ жюү жицүгээр хичээллэх хүүхэд багачуудыг зориод очоорой гэхэд алдах зүйлгүй болгож л хөгжүүлж явааг хэлэхэд сайхан байна.


2025 онд хувь хүний буюу тамирчны хөгжил дээр илүү анхаарч ажилласан жил байв
-Холбооноос бүх л түвшиндээ хүрч ажиллаж байна даа. Тамирчдын ур чадвар, дасгалжуулагч, шүүгч, тэмцээний зохион байгуулах комиссын буюу арын албаны гишүүд, медиа баг гээд л бүх л эд эстээ хүрч ажиллахыг хичээж, зорьж байгаа.
Мөн Оюу толгой компанитай хамтран “Гэрэл” төслийг амжилттай хэрэгжүүлж явдаг. Энэ төслийн хүрээнд манай анхны байгуулсан “Тандер Академи” 2025 оны шилдэг клубээр шалгарч “Голден гаруда” цом авсан. Эндээс хараад дүгнэхэд спортоор сонирхон хичээллэдэг хүүхэд багачуудад багахан хэмжээний л дэмжлэг байхад түмний хүүхдүүдийн их хүсэл мөрөөдөл түүн дээр хэрхэн, яаж тулгуурлаж ингэж хөгжиж болдгийг бодит олон жишээгээр харуулж байгаа байхгүй юу.
-Жюү жицүгийн спортын нийт хэдэн клуб тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
-Нийт Монгол Улсын хэмжээнд 42 клуб үйл ажиллагаа явуулж байна. Нийслэл Улаанбаатар хотод 30 клуб нь үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд 6 салбар холбоотой бусад аймгууддаа жюү жицү, жүдо бөхөөр хичээллүүлдэг клубүүд бий. Ингээд хамтарч үйл ажиллагаа явуулдаг клубүүд ч энэ 42 гэдэг тооноос гадна тогтмол ажилладаг. Энэ спорт нь өөрөө маш гоё учраас аль нэгэн клубыг зориод очиход л нийтэч, эерэг уур амьсгалтай хамт олон угтаж авна. Зөвхөн дасгал хөдөлгөөнөөс гадна нийгмийн харилцааг хүүхэд багачуудад эерэгээр өгч буй нь маш чухал. Хүүхдүүд өөрөөсөө том хүнтэй ч, бүр бага насны хүүхэдтэй ч, үеийнхэнтэйгээ гоё харилцах тэр эерүү зөөлөн уур амьсгалыг бий болгодог.
Дээр нь нэмээд спорт-аялал жуулчла-менежмент-эерэг нийгмийн харилцааг бий болгож ажилладаг учраас жюү жицүгийн спортоор хичээллэхийг сонирхсон, гоё хамт олонтой болох, багаар ажиллах чадварыг суулгах, хувь хүний чиглэлээр өөрийгөө хөгжүүлэхээр бодож зорин ява ахүн бүхэнд Жюү жицүгийн спортын үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
Жюү жицүгийн спорт нь өөрөө гоё учраас хичээллэхээр зорьсон хүн бүрийг эерэг, нийтэч хамт олонтой орчин угтдаг
Ингээд энэ спортын хөгжлийн төлөө дусал ч гэсэн хувь нэмэр, сэтгэлээ зориулан хамгийн том тус нэмэр оруулж байгаа хүмүүс бол мэдээжийн хэрэг одоо хичээллэгч хүүхдүүдийн маань эцэг эх, гэр бүлийнхэн. Ингээд бүхий л тэмцээн уралдаанд хүүхдүүдээ бэлтгэлээ хийхэд, маш том дэмжлэгийг өгч байнга ард нь ингээд асаалттай танк шиг байдаг бүх эцэг эхчүүддээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд спорт чинь өөрөө хөгжихийн тулд асар их зардал, санхүү шаарддаг. Тэгээд яг хувь тамирчныг ч ивээн тэтгэн оролцож байгаа бүх спонсор компаниуд болон холбооны үйл ажиллагааг дэмжиж оролцсоор ирсэн бүх ивээн тэтгэгч спонсор, холбооны гишүүд, хамтарч байгаа бүх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа байгууллагууддаа маш их талархаж явдгаа илэрхийлмээр байна.
Мэдээж аливаа спортын амжилт, ялалт байнгын үзэгч, хөгжөөн дэмжигчидгүйгээр төсөөлөхийн аргаггүй. Иймээс жюү жицүгийн спортын их гэр бүлтэй үргэлж хамт байж, ялалт, амжилтыг маань уухайлан дэмждэг хөгжөөн дэмжигч ард түмэндээ шинэ оны мэнд хүргэе. Та бүхэн ирж буй шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн, ирмүүн их зорилгоор үргэлж өөдөө өсөн тэмүүлэхийг ерөөе.
Ярилцсанд баярлалаа.






