
Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2024 онд осголт, хөлдөлтийн улмаас нийт 477 хүн тусламж, үйлчилгээ авсан байна.
Харин 2025 оны эхний 11 сарын байдлаар уг шалтгаанаар 244 хүн эмнэлэгт ханджээ.
Эдгээрийн 196 нь эрэгтэй, 48 нь эмэгтэй бөгөөд 0–18 насны 39 хүүхэд багтаж байгаа юм.
Мөн 2025 оны 12 дугаар сарын эхний 14 хоногт осголт, хөлдөлтийн улмаас 69 хүн эмнэлгийн тусламж авчээ.
Энэ талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн төвийн эрхлэгч Ц.Нарантунгалагаас тодруулахад,
Осголт, хөлдөлтийн тохиолдлын дийлэнх нь архи, согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой байгааг дурдсан юм. Ихэнх тохиолдолд согтуурлын улмаас ухаан санаа алдагдаж, нимгэн хувцастай гадаа удаан хугацаанд байх үед хөлдөлт, осголт үүсдэг байна.
Зарим тохиолдолд салхи шуурга, цас зудтай үед автомашин саатах, удаан хугацаанд гадаа байх зэргээс эрүүл хүмүүс осгож, хөлдөх эрсдэл үүсдэг ч эдгээр нь нийт тохиолдлын цөөн хувийг эзэлдэг аж.
Осголтын үед биеийн ерөнхий температур буурч, бүх биеэрээ осгох байдал үүсдэг бөгөөд энэ нь амь насанд аюул учруулах эрсдэлтэй.
2025 онд осголтоор хүндэрч, нас барах тохиолдол хэд хэд бүртгэгдсэн байна.
Хөлдөлтийн хувьд гар, хөл, хуруу зэрэг ил задгай, нимгэн хувцастай хэсгүүд голлон өртдөг. Согтууруулах ундаа хэрэглэсэн үед өвдөлт, даарах мэдрэмж сулрах тул 3-4 дүгээр зэргийн гүн хөлдөлт үүсэх нь элбэг. Ийм тохиолдолд арьс, зөөлөн эд, булчин, шөрмөс, яс гэмтэж, улмаар гар, хөлийн хуруу тайрах шаардлага гардаг байна.
Жил бүр бүртгэгддэг хүнд хэлбэрийн хөлдөлтийн 40-50 орчим хувь нь мөч тайрах мэс засалд хүрдэг талаар мэдээлэв.
Хүүхдүүдийн хувьд ихэнх нь 1-2 дугаар зэргийн хөлдөлтөд өртдөг ч жил бүр цөөн тохиолдолд 3-4 дүгээр зэргийн гэмтэл бүртгэгддэг байна. Хүүхдийн хөлдөлтийн үед ясны өсөлтийн бүс гэмтэх эрсдэлтэй бөгөөд үүний улмаас гар, хуруу цаашид хэвийн өсөхгүй байх хүндрэл үүсэх магадлалтай аж. Зарим хүүхэд ийм эрсдэлтэй оноштойгоор эмчлүүлж гарсан тохиолдол бүртгэгджээ.
Мөн согтуурлын улмаас хөлдөлтөд өртөж, хөдөлмөрийн чадвараа алдах, тахир дутуу болох тохиолдол жил бүр гарч байна. Гүн хөлдөлтийн үед зөвхөн гар, хуруу бус, тавхай, шагай, шилбэ хүртэл гэмтэх эрсдэл үүсдэг бөгөөд биеийн байдал хүндэрч, амь насанд аюул учрах нөхцөл бүрддэг байна.
Иимээс:
- Бага насны хүүхэд, асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тавих анхаарал халамжийг нэмэгдүүлэх
- Орон нутагт зорчих үедээ автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, хүнс, хувийн бэлтгэлийг сайтар хангах
- Осголт, хөлдөлтийн үед дур мэдэн арга хэмжээ авахгүйгээр яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах
- Баяр ёслол, шинэ жилийн өдрүүдэд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийж, хамт байгаа хүмүүсээ орхихгүй байх
- Улирлын онцлогт тохируулан дулаан хувцаслаж, нимгэн хувцас, гуталтай удаан хугацаанд явахаас татгалзах шаардлагатай гэлээ.





