
Засгийн газраас татварын шинэчлэл хийхээр 2025 оны турш УИХ-ын Тамгын газар, худалдааны танхимуудтай хамтран улс орон даяар 13,000 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүдийг хамруулсан 150 удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
Олон нийтийн хэлэлцүүлгийн хүрээнд ирүүлсэн 176 мянга гаруй санал болон олон улсын байгууллагуудын зөвлөмж, татварын өнөөгийн орчинд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн эдийн засаг, төсвийн нөхцөл байдалтай уялдуулан татварын багц хуулийн төслийг УИХ-д Сангийн яамнаас танилцуулж эхэллээ.
Хуулийн төсөлд,
– иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг зохистой хэмжээнд шаталсан хэлбэрээр бууруулах,
– бүх нийтээр шударга төлдөг татварын орчныг бүрдүүлэх,
– хариуцлагатай татвар төлөгчдийг дэмжих,
– татвар төлөгчийн дансыг бүрэн хаадаг зохицуулалтыг халж,
– татварын өр төлөх хугацааг хууль даган мөрдөлтийн түвшинтэй уялдуулан сунгах,
– гааль, татварын байгууллагын үйл ажиллагааг илүү зөвлөн туслах тогтолцоо руу шилжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг тусгасан.
Татварын багц хуулийн үр дүнд иргэн, аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал 2.6 орчим их наяд төгрөгөөр буурахаар тооцсон гэж Сангийн сайд танилцуулсан.
1990 онд Монгол Улс шинэ татварын тогтолцоонд шилжсэн. Түүнээс хойш Татварын багц хуульд багцаар нь 4 дэх удаагийн өөрчлөлт орох гэж байна. Өмнөх 3 удаагийн өөрчлөлтүүд 8-12 жилийн хугацаатай хийдэг байсан бол хамгийн сүүлд 2019 онд татварын багц хуульд өөрчлөлт орсноос хойш энэ удаад 5 жилийн дараа буюу одоо хамгийн ойр хугацаанд татварын багц хуульд өөрчлөлт оруулах гэж байна.
Энэ удаагийн татварын хуульд одоо хэрэгжиж буй 30 төрлийн татвараас 9-10 татварын параметр, 20-иод зохицуулалтын өөрчлөлт орж байна. Эдгээр өөрчлөлтүүдийн үр дүнд 2.8 их наяд төгрөгийн одоо татварын орлогын нөлөөтэй болно. Энэ хэмжээний татвар ард иргэд, ААН–үүд дээрээ үлдэнэ гэсэн үг.
Тухайлбал, ХХОАТ 1 их наяд орчим чөлөөлөгдөж иргэдийн гар дээр үлдэнэ гэж тооцоолжээ.






