
2025 он улирч, 2026 он айсуй. Үдэж байгаа хуучин оныхоо амжилт, ялалтыг дүгнэн цэгнэж, шинэ ондоо хийж бүтээх хүсэл тэмүүлэл дүүрэн, төлөвлөгөөгөө хэлэлцэн буй энэ өдрүүдэд Монголын Жүдо бөхийн холбоог зорин очиж дараах сурвалжилгыг бэлтгэлээ. Тэд 2025 онд тив, олон улсын мөн Их дуулга тэмцээн уралдаанаас нийтдээ 40 багц медалийг зүүж, амжилт, ялалтаар дүүрэн оноо үдэж байна. Ингээд тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэлтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
Монголын жүдочид 2025 онд 40 багц медалийг хүртсэн амжилт дүүрэн жил байв
-Сайн байна уу? 2025 онд жүдочид тив, дэлхийн тэмцээн уралдаанд хэрхэн амжилттай оролцов?
-Сайн байна уу. Монголын жүдочид энэ онд 10 тэмцээнд оролцсон байгаа. Дэлхийн аварга, тивийн аварга шалгаруулах тэмцээн, гран при, гранд слам зэрэг Олон улсын чанартай 10 тэмцээнд оролцож, нийт 40 багц медалийг зүүжээ. Үүний 10 нь алтан медаль, 7 мөнгөн медаль, нийт 23 хүрэл медаль гэсэн амжилттайгаар хуучин оноо үдэж байна.
-2026 он гараад хамгийн эхний дотоодын тэмцээн ямар өрсөлдөөн байна вэ?
-Шинэ оны хамгийн эхний тэмцээн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн. Энэ өрсөлдөөн 1 дүгээр сарын 23-25-нд Хэнтий аймгийн Чингис хотноо зохион байгуулахаар товлосон байна. Үүний дараа Олон улсын тэмцээн гэвэл Парисын “Их дуулга” үргэлжлээд, хамтарсан бэлтгэл хийх төлөвлөгөөтэй.
-Өсвөр үе болон залуучуудын УАШТ-ний тов нь гарсан уу?
-Мэдээж залуучуудын улсын аварга, ахмадын улсын аварга, Гранд мастерсуудынхаа улсын аварга шалгаруулах тэмцээнийг товлосон байгаа. Мөн өсвөр үеийн УАШТ-нийг 2026 ондоо зохион байгуулна.
Жүдо бөхийн сонирхогч, шимтэн үзэгчдийн хамгийн их хүсэн хүлээсэн томоохон Олон улсын өрсөлдөөн бол олимпын оноо олгодог “Улаанбаатар Их дуулга” тэмцээнийг 6 сард эх орондоо зохион байгуулна. Энэ тэмцээн дахин 4 жилээр сунгагдаад, 2026-2028 онуудад Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөөд, Олон улсын жүдо бөхийн холбооны календарь дээр тавигдсан байгаа.

“Лос Анжелес”-2028″ олимпын наадамд чансаагаараа эрэгтэй, эмэгтэй 18 жүдочид эрх олгоно
-“Лос Анжелес-2028” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох чухал тэмцээн бол Улаанбаатар гранд слам байдаг. Энэ тэмцээн дотооддоо зохион байгуулагдах нь тамирчдад маш том түлхэж өгдөг?
-Мэдээж тэгэлгүй яахав. 2028 оны зуны олимпын эрх олгох тэмцээн манай Улаанбаатар грандсламаас ерөнхийдөө эхэлж бодогдож явна. Үүгээрээ онцлогтой байх гэж бодож байна. Ингээд 2028 оны 6 дугаар сард тус тэмцээнээр олимпын эрхийн оноо хаагдана гэсэн үг.
-2028 оны олимпын эрхийн чансааг Олон улсын жүдо бөхийн холбооноос хэрхэн тогтоож байгаа вэ?
-Өмнө нь эрэгтэй 18, эмэгтэй 22 гэж байдаг байсан. Тэгвэл Парисын олимпоос эхлэн жендерийн тэгш байдлыг хангах зорилгоор ОУОХ болон олон улсын жүдо бөхийн холбооны дүрмийн дагуу эрэгтэй, эмэгтэй эхний 18-д чансаагаараа бичигдсэн тамирчдад олимпын эрх олгохоор болсон. Үүн дээр нь нэмээд цагаан хуудсаар тамирчдыг оролцуулах эрх хэвээрээ бий. Тивийн эрхүүд мөн цагаан хуудас гээд жин тус бүрт 5 тамирчинд олгоно.
-Монголын шигшээ багийн бүрэлдэхүүний тухайд?
–Парисын олимпын дараа шинэ цикл эхэлсэн учраас ерөнхийдөө туршлагатай тамирчид маань ч бас тэмцээн уралдаанд явж байна. Мөн шинэ залуу тамирчид маань ч гэсэн тэмцээн уралдаанд оролцож байна. Ерөнхийдөө ингээд л бүгдийг нь 2026-2028 он хүртэл олимпын цикл хүртэл явуулна. Тэгээд үүнээсээ гадаадын тэмцээн уралдаанд хэн боломжтой барилдаж байна, хэн олимпын ранк нь урдуур байна, тэгээд олимпын ранк дотор аль жингийн ямар хэдэн тамирчин явж байна гэдгээс шалтгаалан олимпын баг бүрэлдэхүүнээ сонгоно.
Жүдочдын хувьд 2026 ондообүтэн оноогоо цуглуулна, 2027 ондоо мөн бүтэн, тэгээд 2028 оны 6 сар хүртэл оноо цуглуулаад тухайн оныхоо 6 сард эрхийн оноо олгох тэмцээн хаагдана.
-Спортын төрлийн улсын аварга шалгаруулах тэмцээн дотоодын хамгийн том өрсөлдөөн буюу шалгуур байдаг. Тиймээс дотоодын өрсөлдөөнд битүү морьд хэмээн ярилцдаг шинэ залуу тамирчид ч гарч ирдэг?
-2026 оны УАШТ мэдээжийн хэрэг шинэ оны эхний тэмцээн учраас бид нар ерөнхийдөө тамирчдынхаа бэлтгэлжилтийг харна. Тэгээд шинэ залуу тамирчдынхаа өрсөлдөөнийг харна. Доороос хэн гэдэг аавын хүү, охин шинэ залуу тамирчид гарч ирэх нь вэ гэсэн битүүхэн хүлээлттэй байдаг. Одоо залуу тамирчид маань 2025 онд насанд хүрэгчдийн “ТОП-6” тэмцээнд тогтмол оролцоод ур чадвар нь нэлээн дээшилсэн болов уу гэж бодож байна. 2026 онд “ТОП-6” тэмцээнийг зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
-Та бүхний 2026 оны тэмцээн уралдаанд өндөр амжилтыг хүсэн ерөөхийн зэрэгцээ 2028 оны олимпын наадамд бүтэн багаараа оролцох ерөөл өргөе.
-Баярлалаа. Жүдо бөхийн спортын нийт дэмжигчид болон Монголынхоо жүдогийн гэр бүлийнхэндээ шинэ оны мэнд дэвшүүлье. Мөн жүдо бөхийг чин сэтгэлээсээ дэмждэг пүүс компанийн захирлууд, үе үеийн ахмад дасгалжуулагч нар, ахмад тамирчид, спортоор жүдо бөхөөр хичээллэж байсан нийт тамирчин, дасгалжуулагч, мөн Монголынхоо ард түмэн та бүхэндээ шинэ он, шинэ жилийн баярын мэндийг хүргэе ээ. Та бүхэн шинэ ондоо эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байгаарай.
Үргэлж жүдо бөхийн спорттой хамт байгаарай. Хамтын хүч амжилт.
Ярилцсанд баярлалаа.





